Цэцэрлэгийн насны улсын аварга бөхийг тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЦэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн барилдаан Хэнтий аймгийн Чингис хотноо ирэх 11 дүгээр сарын 12,13-ны өдрүүдэд болох гэж байна.
Тус тэмцээнийг өсвөрийн бөхийн “Хан Хэнтийн аварга” дэвжээнээс санаачлан, Аймгийн БТСГазар, МҮБХолбоо, Аймгийн ҮБХолбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн МҮБХ-ны дүрмийн дагуу зохион явуулах юм. Насны ангиллын хувьд 5,6 насны хүүхдүүдийг оролцуулах бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10-17 цаг хүртэл бүртгэх аж. Тамирчид бүртгүүлэхдээ багийн мэдүүлэг (албан ёсны тамга тэмдэгтэй, регистрийн дугаартай байх), төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр, цээж зураг 1 хувь, тэмцээний мандат 10 мянган төгрөг зэргийг бүрдүүлэх юм байна. Шагналын хувьд нас тус бүрт 1-10-р байр шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар, багийн дүнгээр эхний 3 байр шалгаруулж, медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгох юм.
Үндэсний бөхийн 2016 оны цэцэрлэгийн насны хүүхдүүдийн Улсын аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг Хэнтий аймгийн Галшар сумын харьяат Даншигийн Дархан аварга Хөлөгчийн Намжилжавын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм.
Д.Одонтунгалаг