50 настай дуучин Жанет Жексон анхны хүүхдээ тээж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2016-10-13 13:09:29

ВАШИНГТОН. /VOA/. Америкийн алдарт дуучин Жанет Жексон 50 насандаа анхныхаа хүүхдийг тээж байгаа ажээ.

Дуучин бүсгүй “People” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “бурхан биднийг ивээлдээ авсанд талархаж байна” гэжээ. Мөн уг сэтгүүл дээр түүний хөл хүнд байгааг харуулсан гэрэл зургийг тавьсан байна.

Жанет Жексон өнгөрсөн дөрөвдүгээр сард 'Unbreakable' аялан тоглолтоо хойшлуулах үед түүнийг хөл хүнд болсон тухай таамаг мэдээлэл гарч эхэлсэн юм. Тухайн үед тэрбээр хэлэхдээ “нөхөр бид хоёр гэр бүл төлөвлөлтөнд илүү анхаарал хандуулахыг хүсч байна” гэж байсан юм. Түүний нөхөр Виссам аль-Мана Катарын бизнес эрхлэгч бөгөөд “Al Mana” группын захирал аж.

Тэрбээр саяхан Лондон хотын дэлгүүрт хүүхдийн хувцас үзэж сонирхон явж байжээ.

Хожуу хүүхэд төрүүлж байсан олны танил хүмүүс цөөнгүй байдаг.

Тухайлбал, Оскарын шагналт, Америкийн жүжигчин Холли Берри 47 настайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлж байсан бол жүжигчин Жон Траволтагийн эхнэр болох жүжигчин, загвар өмсөгч Келли Престон 48 насандаа гурав дахь хүүхдээ төрүүлжээ.

Мөн Швейцарийн тэрбумтан Мария Луи-Дрейфус 2016 оны гуравдугаар сард 53 настайдаа хоёр ихэр охин төрүүлж байсан юм.

 

Г.Доржханд

 

Related news