ДУНДГОВЬ: "Сүү" хөтөлбөрийг цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-11 15:54:00
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ-аас бага насны хүүхдүүдийн хоногт авах амин дэмийг нөхөх, эрүүл бие бялдартай ирээдүйг бэлтгэх зорилгоор “Сүү” хөтөлбөрийг цэцэрлэгүүдэд хэрэгжүүлж эхэллээ.


Ингэснээр 15 сумын 22 цэцэрлэгийн 3550 хүүхэд долоо хоногт 3 удаа өдөрт 60 граммаар сүү уух юм. “Сүү” хөтөлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 1-нээс эхлэн 18 сургуульд хэрэгжүүлж, 4500 орчим хүүхэд долоо хоногийн 3 өдөрт сүү уудаг байсан бол 2024 оны 4 дүгээр сараас эхлэн тус хөтөлбөрийг өргөжүүлэн цэцэрлэгүүдэд мөн хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийжээ.


Бага насны хүүхдүүдэд тогтмол сүү уулгах нь тэдний яс болон шүд бүрэлдэхэд чухал үүрэг бүхий кальцийг тодорхой хэмжээнд нөхөх, кальцийн дутагдлаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.


Японы ЖАЙКА олон улсын байгууллагаас Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдаас түүвэрлэн авсан судалгаагаар тэдний дунд кальци, “Д” амин дэмийн дутагдал түгээмэл, ясны сийрэгжилттэй гэсэн дүгнэлт гарчээ.  


Энэхүү судалгаанд үндэслэн Дундговь аймгийн ЗДТГ-аас “Сүү” хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэр гаргаснаар 15 суманд цэцэрлэг болон сургуулийн бага ангийн 8000 гаруй хүүхэд долоо хоногийн 3 өдөрт ийнхүү тогтмол сүү уудаг боллоо.


Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр тус аймаг “Эрүүл монгол хүн” үндэсний бодлогын хүрээнд сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн кальци, амин дэмийг тодорхой хэмжээнд нөхөж, бага наснаас нь эрүүл, чийрэг өсөж, хөгжихөд нь хувь нэмрээ оруулж байгаа төдийгүй эрүүл хоол хүнс хэрэглэх зан үйлийг төлөвшүүлэхэд ч чухал үүрэг гүйцэтгэж байна.  

Related news