Маргааш орон даяар гамшгийн дуут дохио дуугаргана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-27 13:48:14

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2011 оны 339-р тогтоол гарснаар гамшгийн үеийн зарлан мэдээллийг дамжуулах журам батлагдсан.


Энэ журамд жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагаас олон нийт, ард иргэдийг хамарсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага сургуулийг зохион байгуулахаар тусгасан байдаг. Тэгвэл энэ сарын 28-нд буюу маргааш 16:00 цагт орон даяар гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалт зохион байгуулна. Манай улс одоогоор орон даяар 14 удаагийн дадлага сургуулилалт зохион байгуулжээ. Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.  


Тэрбээр, “Сүүлийн 10 жилийн судалгаагаар манай оронд газар хөдлөлтийн тоо давтамж нэмэгдсэн. Монгол орон төдийгүй дэлхийн улс орнуудад газар хөдлөлтийн аюул занал нэмэгдээд байна. Өнгөрсөн онд Турк, Сири улсад газар хүчтэй хөдөлсөн. Гамшгийн улмаас, ойролцоогоор 60 мянга гаруй хүн амиа алджээ. Газар хөдлөлтийн гамшиг олон хүний амь насанд эрсдэл учруулдаг. Мөн хүн төрөлхтний бүтээн байгуулсан ахуй амьдралыг хоромхон зуурт сүйтгэж, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг олон жилээр ухраадаг. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдалд ч том хор хохирол учруулдаг байгалийн гамшиг юм. Тиймээс газар хөдлөх аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах нь  дэлхийн улс орнуудад тулгамдсан зорилт болоод байна.


Боловсролын ерөнхий газартай хамтраад боловсролын шат шатны байгууллагын ажилчин, албан хаагч, багш, оюутан, сурагч, цэцэрлэгийн хүүхдүүдэд газар хөдлөлтийн хор хөнөөлийг таниулна. Ингэснээр, ойролцоогоор 1.5 сая иргэнд мэдээлэл хүргэх юм. Маргааш яам агентлагууд, хувийн хэвшил, аж ахуй нэгжүүдийн иргэдийг хамруулбал ойролцоогоор хоёр сая иргэнд энэ удаагийн дадлага сургууль хүрнэ гэсэн тооцоололтой байна. Дадлага сургуульдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Гол нь иргэдэд дадал эзэмшүүлэх зорилготой юм. Газар хөдлөлтийн талаар мэдээлэл авахад ОБЕГ-ын хаалга үргэлж нээлттэй байх болно” гэв.


Нийслэл, орон нутгуудад цугларах талбай гэж тэмдэгжүүлсэн хаяг байдаг. Энэ талбайгаа, тэмдгээ сэргээн засварлах хэрэгтэйг албаныхан онцоллоо. Өнөөдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 242 цугларах цэг бий. 2024 он гарсаар манай улсад болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 удаа болжээ. Гэтэл Улаанбаатарын 976 барилгад газар хөдлөлтийн тэсвэртэй байдлын үнэлгээ хийхэд ердөө 206 нь тэсвэртэй гэсэн дүгнэлт гарсан байна.

Related news