БАЯН-ӨЛГИЙ: Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-15 15:54:17

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэр дэх томоохон голууд үерлэх эрсдэлтэй байгааг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс анхаарууллаа.


Тус аймгийн Баяннуур, Буянт, Булган, Дэлүүн, Сагсай, Алтай, Улаанхус, Цэнгэл сумын нутгаар цасны зузаан дунджаар 2-80 см, хунгарласан газраар 4-170 см байгаа. Гуравдугаар сар гарснаас хойш нийт нутгаар агаарын температур дулаарч өндөр уулын цас хайлж шар усны үер болох эрсдэл нэмэгдсэн. Иймд дээрх сумдын нутаг дэвсгэрээр урсах Ховд, Сагсай, Булган, Ганц мод, Турган, Буянт, Хар бут, Согоог, Чихэртэй, Цагаан гол мөн үерлэх эрсдэлтэй гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн мэргэжилтэн И.Тотыхус хэлэв.


Голуудын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, Ховд, Ганц мод, Булган голын мөсний зузаан өмнөх арав хоногийнхоос 5-75 см-ээр нимгэрч, нягт нь багассан, зарим хэсгээр харз, халиа, тошин гүйсэн, мөс харлах, хэврэгших үзэгдэл ажиглагдаж байгаа юм.


Тийм учраас цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Related news