Парисын Олимпын үеэр дроны халдлагаас сэргийлэх сургуулилалт хийв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-03-15 12:19:09

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 15 /NHK/. Энэ зун болох Парисын Олимп, Паралимпын наадмын үеэр дроны халдлагаас сэргийлэх зорилго бүхий аюулгүй байдлын сургуулилалтыг пүрэв гарагт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй явуулжээ.


Францын нийслэлээс холгүй байрлах агаарын цэргийн баазад болсон уг сургуулилалтад цэрэг, цагдаагийн алба хаагчид оролцсон байна. Сургалтад дрон болон тэдгээрийн операторуудын хоорондын холбоог тасалдуулахын тулд электрон импульс ялгаруулдаг төхөөрөмжүүдийг ашиглажээ.


Оролцогчид мөн хамгийн сүүлийн үеийн дрон, бусад нисэгч хэрэгслийг хэрхэн саатуулж, үзэгчид рүү унахаас сэргийлэх боломжтойг харжээ. Францын холбогдох албаныхан өнгөрсөн онд болсон регбигийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр ийм төхөөрөмжүүдийг ашигласан байна. 


Тэд мөн Парисын наадмын үеэр тэмцээн болох газруудын ойролцоо өндөр хүчин чадалтай радарын систем суурилуулах замаар дронуудыг илрүүлэхийг зорьж байгаагаа мэдэгджээ. Францын Агаарын болон Сансрын хүчний агаарын бригадын генерал Арнауд Бургиньон хэлэхдээ, дронууд хамгийн аюултай аюул учруулж болзошгүйг дурдаад, хүмүүс наадмыг аюулгүй байдлыг бүрэн хангасан орчинд үзэх боломжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.  

Related news