Хиймэл оюуны чиглэлд дэлхийн хэмжээний байгууллага байгуулах санал дэвшүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-28 15:04:35

ШАНХАЙ, 2025 оны долоодугаар сарын 28 /NHK/. Хиймэл оюуныг хөгжүүлэхэд дэлхийн хэмжээнд хамтын ажиллагааг зохицуулан дэмжих зориулалттай байгууллага байгуулахыг Хятадын засгийн газар санал болгов.


Энэхүү саналыг Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Шанхай хотноо бямба гарагт эхэлсэн хиймэл оюуны асуудлаарх бага хуралд үг хэлэхдээ дэвшүүлжээ. 


Хятадын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, технологийн хөгжил, аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ өргөн хүрээний зөвшилцөлд үндэслэсэн хиймэл оюуны засаглалын тогтолцоо, дүрэм журмыг бий болгохын тулд улс орнуудын уялдаа холбоог бэхжүүлэх шаардлагатай байгааг Ли онцолсон байна. 


Хятадын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлаг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй хэдий ч тус байгууллагын төв байрыг Шанхайд байгуулах боломжийг Засгийн газар хэлэлцэж байна гэж мэдээлжээ. Мөн ийм байгууллага байгуулах бэлтгэл ажилд бусад улс орон идэвхтэй оролцож байгааг Хятад улс сайшааж байна гэж уг мэдээнд дурдсан байна.


Хиймэл оюуны салбар дахь өрсөлдөөн АНУ, Хятадын хооронд ид ширүүн өрнөж байна. Хятад улс олон улсын дүрэм журмыг боловсруулахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж байна гэж ажиглагчид үзэж байгаа юм.



Related news