Италийн хөдөлмөрийн насны хүн ам тавны нэгээр буурна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-07-29 15:04:15

РОМ, 2025 оны долоодугаар сарын 29 /Reuters/. Италийн хөдөлмөрийн насны хүн ам ирэх 25 жилийн хугацаанд тавны нэгээр буурах төлөвтэй байна гэж тус улсын үндэсний статистикийн агентлаг /Istat/ даваа гарагт мэдээлжээ. Энэ нь тус улсын хүн ам зүйд багагүй сорилт тулгарч буйг харуулж байна. 


Италийн эрх баригчид төрөлтийн түвшин, хүн амын тоо буурч байгаатай холбоотой асуудлуудыг зохицуулахыг эрмэлзэж байгаа юм. 2024 онд шинээр төрсөн хүүхдийн тоо 370 мянга орчим болсноор түүхэн доод хэмжээнд хүрсэн бол хүн ам 37 мянгаар бууран 58.93 сая болсноор сүүлийн арван жилийн турш дараалан буурлаа.


Istat агентлаг хамгийн сүүлд гаргасан хүн ам зүйн төсөөлөлдөө 15-64 насны иргэдийн тоо 2024 онд 37.4 сая байсан бол 2050 онд 29.7 сая болж, нийт оршин суугчдад эзлэх хувь нь 63.5 хувиас 54.3 хувь болж буурна хэмээн таамагласан байна. Мөн хугацаанд 65-аас дээш насны иргэдийн эзлэх хувь одоогийн байдлаар 24.3 хувьтай байгаа нь 34.6 хувь болж өсөх бол 14 хүртэлх насны хүүхдийн эзлэх хувь 12.2 хувиас 11.2 хувь болж буурах төлөвтэй байна.  


Италид төрөлтийн түвшин удаан хугацааны турш буурч байгаа нь үндэсний хэмжээний ноцтой асуудал болж байгаа юм. Ерөнхий сайд Жоржиа Мелони болон түүний өмнөх сайд нар энэ асуудлыг шийдвэрлэхээ амласан боловч өнөөг хүртэл бууралтыг зогсоож чадахгүй байна.


Италид оршин суугаа хүн амын тоо 2050 он гэхэд 54.7 сая болж буурна гэж Istat тооцоолсны сацуу шилжилт хөдөлгөөний чиг хандлагатай холбоотой хэлбэлзэл, тодорхой бус байдал нөлөөлж болзошгүйг мөн онцолжээ. Германд төвтэй “Scope Ratings” агентлаг 2024 оны тайландаа Италийн хүн ам зүйн статистик нь 2023-2040 оны хооронд эдийн засгийн өсөлтийн чадавхаар Европтоо хамгийн тааруу байгааг дурдаад, хүн ам хурдацтай хөгширч байгаа нь төрийн санхүүгийн чадавхид сөргөөр нөлөөлж байна гэж дурдсан байна. 



Related news