ИКАО-гийн тэргүүнээр Японы иргэнийг томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-11-28 12:03:54

ТОКИО, 2025 оны арваннэгдүгээр сарын 28 /NHK/. Иргэний агаарын тээврийн салбарт олон улсын дүрэм журмыг тогтоон мөрдүүлдэг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын /ИКАО/ ерөнхийлөгчөөр Японы албан тушаалтан томилогдлоо.


Лхагва гарагт Канадын Монреаль хотод болсон ИКАО-гийн зөвлөлийн хурлаар Японы иргэн Онүма Тошиюки тус байгууллагын ерөнхийлөгчөөр гурван жилийн хугацаатай сонгогдсон байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сараас үүрэгт ажилдаа орно.


Өдгөө 56 настай Онүма ИКАО-гийн зөвлөлд Япон улсыг төлөөлөн ажиллаж байгаа бөгөөд тус байгууллагыг тэргүүлэх анхны япон хүн болж байна. 193 гишүүн улсаас бүрдэх тус агентлагийн зөвлөл 36 гишүүнтэй.  


Японы тээврийн салбарт 1992 оноос хойш ажиллаж буй Онүма хэд хэдэн өндөр албан тушаалыг хашиж байв. Тэрбээр Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны Иргэний агаарын тээврийн товчооны Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор ажиллаж байжээ.


Японы Тээврийн сайд Канэко Яшүши хэлэхдээ “Онүма амжилт бүтээл, манлайлах чадвараараа олны хүндэтгэлийг хүлээсэн хүн бөгөөд түүнийг ИКАО-гийн ерөнхийлөгчөөр сонгосон нь иргэний агаарын тээврийн салбарт Япон улсад гүн итгэл үзүүлж буйг харууллаа” гэв.


Цаашдаа НҮБ-ын тус агентлагтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх замаар Онүмагийн үйл ажиллагааг дэмжинэ гэдгийг сайд мэдэгдлээ. 

Related news