Австралид нийгмийн сүлжээний хоригт YouTube-ийг нэмж оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-07-30 17:02:48

КАНБЕРРА, 2025 оны долоодугаар сарын 30 /BBC/. Австралийн эрх баригчид 16-гаас доош насны хүүхдүүдэд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглох тухай хуульд YouTube платформыг нэмж оруулахаар шийдвэрлэжээ.


TikTok, Instagram, Facebook, X болон Snapchat-ын хэрэглээг хязгаарлах хоригоос дүрс бичлэг байршуулдаг уг платформ хасахаар төлөвлөж байсан юм. Энэ хориг энэ оны 12 дугаар сараас хэрэгжиж эхэлнэ. 


Дээрх шийдвэрийн хүрээнд өсвөр насныхан YouTube-ээс дүрс бичлэг үзэх боломжтой хэвээр байх боловч контент байршуулах эсвэл платформ дээр бусадтай харилцахад шаардлагатай хаяг нээхийг зөвшөөрөхгүй ажээ.


Google-ийн эзэмшилд байдаг YouTube платформ лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ, залуу австраличуудад ашиг тус, үнэ цэнийг санал болгодог платформыг хүүхдүүдэд хориглох ёсгүй гээд, “энэ бол нийгмийн сүлжээ биш гэдгийг онцолжээ.


Австралийн шинэ хуулийг дэлхийн улс орнуудын удирдагчид ихэд сонирхож байгаа бөгөөд Норвеги мөн адил хоригийг хэрэгжүүлнэ гэдгээ зарлаад байгаа бол Их Британийн эрх баригчид ижил шийдвэр гаргах эсэх талаар хэлэлцэж байна.


Ерөнхий сайд Энтони Албанезе лхагва гарагт хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ хэлэхдээ "Нийгмийн сүлжээ манай хүүхдүүдэд хор уршиг учруулж байна. Австралийн эцэг эхчүүд бид өөрсдийг нь дэмжиж байгаа гэдгийг мэдээсэй гэж би хүсэж байна" гэжээ. Энэ бол цорын ганц шийдэл биш гэдгийг бид мэднэ” хэмээн тэрбээр хоригийн талаар хэлээд, “гэхдээ энэ нь өөрчлөлт авчрах болно” гэдгийг нэмж дурдсан байна.


YouTube нь 10-15 насны хүүхдүүд хор хөнөөлтэй контент үзсэн гэх ангилалд хамгийн их дурдагдсан платформ байсан тул хоригт нэмж оруулахыг Австралийн Цахим аюулгүй байдлын асуудал эрхэлсэн комиссар Жули Инман Грант өнгөрсөн сард зөвлөжээ. Лхагва гаргийн мэдэгдлийн дараа YouTube-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ, дараагийн алхмуудыг судалж, засгийн газартай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэсэн байна.

Related news