ХӨВСГӨЛ: Тахтай морин чарганы уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад бүсийн цол олгодог боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-03-11 15:49:45

Мөрөн, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой жил бүр зохион байгуулдаг "Мөсний баяр"-ын үеэр уралддаг тахтай морин чарганы уралдаанд амжилт үзүүлсэн уяачдад энэ жилээс эхлэн бүсийн цол олгодог боллоо.


2000 онд анхны мөсний баяраар зургаан морин чарга уралдаж байсан бол өргөжсөөр 100 гаруй уяач хурдан хүлгээ сойдог болжээ.




Уяачид морьдоо бүтэн жилийн турш сойлго уяаг нь тааруулдаг байна. Мөсөн дээрх чаргатай морьдын уралдаан хуурай газар уралддаг уралдаанаас хэцүү байдаг. Морьдын туурайнд тах хадах, чарганд дасгах гээд ажиллагаа их байдаг гэдгийг Хатгал тосгоны иргэн уяач П.Баттулга хэлж байлаа.


Хөвсгөл аймгийн ИТХ-ын хуралдаанаар аймгийн уяачдын хурдан морь уях эрдэм ухаан, хөдөлмөрийг нь үнэлэх, Хөвсгөл далайн мөсөн дээр болдог чаргатай морьдын уралдаан, тахтай морин чарганы уралдааныг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор тус уралдааны амжилтыг бүсийн цол олгох амжилтад оруулан тооцох саналыг дэмжин хэрэгжиж эхэлсэнд уяачид талархаж байна.

Цаашид тус уралдаанд өөр аймаг, сумын иргэд ч оролцох боломж бүрдэж байгаа юм.

 

Related news