ӨМНӨГОВЬ: Т.Мөнхсайхан хамгийн олон мод тарьж, 80,5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-03-13 14:59:26

Даланзадгад, 2024 оны гуравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Тэрбум  мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Өмнөговь аймаг 2023 онд 546 мянган мод тарьж ургуулсан бол 2024 онд нэмж 500 мянгаас дээш мод тарихаар төлөвлөжээ. 


Тус аймаг "Тэрбум мод" хөдөлгөөн, “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”, “Хайлаасны баяр”-ын хүрээнд 2023 онд дөрөв, аравдугаар сард бүх нийтээр мод тарих ажлыг зохион байгуулжээ.




2023 оны жилийн эцсийн байдлаар 15 сумын нутаг дэвсгэрт 546 509 мод тарьж таримал ойн зурвасыг загаар ойжуулан 35.79 га-гаар, нөхөн сэргээсэн талбайг 123 260 мод буюу 138.5 га-гаар нэмэгдүүлжээ.


Мөн цэцэрлэгт хүрээлэн болон нэрэмжит төгөлүүдийг шинээр байгуулж 124 657 мод буюу 11.44 га талбайгаар  нэмэгдүүлж ААНБ-ын гадна талбайд 37917 ширхэг мод, 2075 өрх айл хашаандаа 10607 мод, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 компани 394 946 ширхэг мод тус тус тарьсан байна.  




Харин мод тарих ажилд 4253 иргэн, 316 аж ахуйн нэгж байгууллага оролцож 977.4 сая төгрөг зарцуулжээ.

Говь, цөлийн нөхцөлд дасан ургах чадвартай унаган мод, сөөгийг тарих бодлогыг барьж, тарьсан нийт модны 138 880 ширхэг буюу 25.4 хувь нь заг, 243 474 ширхэг буюу 44.5 хувь нь хайлаас мод байгаа юм.

 

Өмнөговь аймгийн ИТХ-ын 2021 оны 199 дүгээр тогтоолоор баталсан “Мод тарьж ургуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах журмийн дагуу 2021-2023 онд мод тарьж гэрээ байгуулсан 14 сумын 167 иргэний тарьсан 76 363 модонд 198.5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

Төсөл хөтөлбөрт хамрагдахгүйгээр өөрийн хөрөнгөөр мод тарьж ургуулсан иргэнд нэг мод тутамд 13500 төгрөгийн мөнгөн урамшуулал олгодог.


 

Урамшууллын хүрээнд 2023 онд 7963, 2024 онд 28796 ширхэг заг тарьсан бөгөөд хамгийн олон мод тарьсан иргэнээр Гурвантэс сумын иргэн Төмөрбаатарын Мөнхсайхан тодорч 80,5 сая төгрөгийн мөнгөн урамшуулал авчээ.

 

Цаашид 2025 он хүртэл мод тарих суурь баазаа бэхжүүлэх бодлогыг баримтлан ойн ангиуд, мод үржүүлгийн газруудыг бүсчлэн цогцоор нь байгуулах ажлыг эрчимжүүлж байгаа талаар Өмнөговь аймгийн БОАЖГ-ын дарга онцоллоо.

 

Related news