Монголын анхны хувийн хиймэл дагуул өнөөдөр дэлхийн тойрог замд оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-03-05 17:45:15

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны хувийн хиймэл дагуул өнөөдөр буюу, гуравдугаар сарын 5-ны үүрээр АНУ-ын “Space X компанийн сансрын хөлгийн тусламжтайгаар хөөрч, дэлхийн тойрог замд оржээ.

Энэ нь Монголын ONDO SPACE” компанийн залуучуудын зохион бүтээсэн Кубсат оврын ONDOSAT OWL-1, ONDOSAT OWL-2 хоёр хиймэл дагуулууд юм. Хиймэл дагуулууд сансрын орон зайд гарсныг АНУ-д ажиллаж буй “ONDO SPACE” компанийн гүйцэтгэх захирал Н.Алтаншагай өнөөдөр өглөө газар дээрээс нь мэдээлж шууд дамжуулсан байна.




Кубсат” нь өндөр өртөг бүхий дэд бүтэц шаардахгүй, хамгийн хямд бөгөөд хурдан хугацаанд сансарт технологио турших боломж олгодог хиймэл дагуул юм. Энэ нь Монгол Улс өөрсдийн инженер, эрдэмтдийн бүтээсэн технологи техник, төхөөрөмжөөр сансарт ажиллаж чадаж буйг харуулах зорилготойг “ONDO SPACE” компанийн удирдлага хэлж байна.

Нэг ёсондоо энэхүү бага оврын хиймэл дагуулууд нь харьцангуй шинэ технологи бөгөөд Монгол Улс ийм төрлийн хиймэл дагуулыг бүтээн хөөргөж байгаа нь сансар судлалын салбарт дэлхийн бусад улс оронтой нэг гараанаас эхэлж байна гэж хэлж болох юм.


Цаашид манай улс сансрын энэ технологио ашиглан дэлхийн аль ч өнцгөөс богино хэмжээний мэдээлэл дамжуулах, газрын харилцаа холбооны дэд бүтэцтэй уялдан ажиллаж уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, онцгой байдал болон батлан хамгаалах, машин хоорондын харилцаа /M2M/, юмсын интернэт /IoT/ зэрэг салбарт технологийн томоохон дэвшил, шинэ боломжуудыг нээнэ. Тийм ч утгаар энэхүү хиймэл дагуулыг Монголын сансрын анхны арилжааны зориулалттай хэмээн тодотгож байна.  

Related news