БАЯН-ӨЛГИЙ: Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон малчдад тусламж үзүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-26 11:58:21

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олон зудад нэрвэгдэж байгаа малчдад эд материалын тусламж үзүүллээ.


Малчдад нэн хэрэгтэй байгаа лаа, чүдэнз, бог, бод, төл малын нэмнээ, хөвөнтэй бээлий, төл малын уут, хөвөнтэй цамц зэрэг 8 төрлийн нийт 404 ширхэг тусламжийн эд барааг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.


"Манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд малчдад эд хэрэгслийн дэмжлэг үзүүлж байна. Мөн хууль сахиулах, төрийн цэргийн болон бусад бүх байгууллагыг малчдад сэтгэлийн дэм үзүүлэхийг уриалж байна" гэж Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн ахмад Б.Балжинням хэлэв.


Тусламжийг аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч, хошууч Х.Ахытгажы, тус газрын 159 дүгээр салбарын дарга, ахлах дэслэгч Ж.Баярсайхан нар хүлээж авлаа.


Тэд Баян-Өлгий аймагт цаг агаарын нөхцөл байдал, хаваржилт хүнд байгааг онцолж, бусад байгууллагад үлгэр дуурайлал үзүүлэн малчдад тусламжийн гараа сунгаж байгаа Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ. 

Related news