БАЯН-ӨЛГИЙ: Эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчний алба хаагчид оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-16 14:32:23

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг хэмээх газарт оторт байсан хоёр малчин цасны нурангид өртөж, нэг нь сураггүй болсон талаар өмнө мэдээлсэн.


Эрэн хайх ажиллагаа дөрөв дэх хоногтоо үргэлжилж байгаа бөгөөд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна. Мөн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтохоор ахлуулсан Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангийн уулын цэргийн аврагчид хүч нэмэгдүүлэн оролцож байна.


"Одоогоор эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Тухайн газарт цас их, зам даваа хаагдсан тул үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байгаа ч нутгийн иргэд, сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагаанд тусалж байна. Аймгийн Засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын дарга Б.Мухамед тэргүүтэй аймгийн удирдлагууд Дэлүүн суманд ажиллаж, үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Эрэн хайх ажиллагаанд шаардлагатай бүхий л дэмжлэг, туслалцааг үзүүлж байна" гэж аймгийн ЗДТГ-аас өгөв.

Related news