БАЯН-ӨЛГИЙ: Цэнгэл, Улаанхус, Сагсай, Булган суманд өвөлжилт хүндэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-15 14:19:49

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас өгсөн мэдээллээр энэ сарын 14-ний өдрийн байдлаар Алтай сумын 71 өрхийн 16507 толгой, Бугат сумын 8 өрхийн 2050, Булган сумын 371 өрхийн 47177, Дэлүүн сумын 36 өрхийн 7005 толгой, Ногооннуур сумын 56 өрхийн 8617, Сагсай сумын 60 өрхийн 4465 толгой, Толбо сумын 20 өрхийн 16726, Улаанхус сумын 30 өрхийн 2400, Цэнгэл сумын 10 өрхийн 6070 толгой, Өлгий сумын 3 өрхийн 881 толгой, нийтдээ 683 өрхийн 124733 толгой мал отроор өвөлжиж байна.  


Өнгөрсөн намар тус аймгийн малчид 66252 тн өвс, 9530 тн гар тэжээл, 6145 тн давс, хужир шүү бэлтгэсэн. Үүнээс өвсний 54,9 хувийг, гар тэжээлийн 70,4, давс, хужир шүүний 39,9 хувийг тус тус зарцуулжээ.


Сумдын аюулгүй нөөцөд 272,3 тн өвс, 329,6 тн тэжээл бэлэн байгаа. Мөн сумдад хувь хүмүүсийн борлуулж байгаа 350 тн өвс, 35 тн ногоон тэжээл, 348 тн үйлдвэрийн тэжээл бий. Хөдөө сумдад Ногооннуур сумын өвсийг 9000-10000 төгрөг, Төв, Сэлэнгэ аймгаас татсан ногоон өвсийг 20000-25000 төгрөг, үйлдвэрийн тэжээлийг 35000 төгрөгөөр тус тус худалдаж байна.


Аймгийн хэмжээнд нийт 4756 толгой мал зүй бусаар хорогдсоны 561 нь адуу, 625 нь үхэр, 1623 нь хонь, 1947 нь ямаа аж.  


Өвөлжилт хүндэрсэн зарим сумын нөхцөл байдлыг танилцуулбал:


Булган сумаас 371 өрхийн 47177 толгой мал оторт байгаа. Үүнээс Ховд аймгийн Ховд суманд 11 өрхийн 1198 толгой, Мөнхайрхан суманд 157 өрхийн 22919 толгой мал, Дуут суманд 96 өрхийн 10930 толгой мал, улсын тусгай хамгаалалттай нутаг болох Дундгол, Хөх сэрхийн нуурууд 107 өрхийн 12130 толгой мал оторлож байна. Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутагт оторлож байсан 27 өрхийн 1860 толгой мал отроос буцаж иржээ.


Одоогийн байдлаар сумын аюулгүйн нөөцөд 38,7 тонн тэжээл, 30 тонн өвс бэлэн байна. Сумын Онцгой комиссоос нөөцөд байгаа тэжээл, өвсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр борлуулах шийдвэр гарсан. Сумын хэмжээнд бүх чиглэлийн зам даваа хаагдсан бөгөөд машин унаа явах боломжгүй байна.


Сагсай сумын нийт нутаг дэвсгэрээр цасан бүрхүүлтэй, бэлчээрийн хүрэлцээ муудаж бэлчээргүй болж байгаа тул Хагийн чиглэлийн айл өрхүүд Даянд байдаг хаваржаандаа нүүж байна. Тус сум нь 7 багтайгаас одоогийн байдлаар 6 багийн малын бэлчээрийн талбай цасан бүрхүүлтэй, өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа аж. Малчдын нүүдэл эхэлсэнтэй холбоотойгоор малчид хоноглон өнгөрдөг Харганатын буудалд сахиул томилж ажиллуулж байна.  


Улаанхус сумын 1, 2, 3, 5 дугаар багийн нутгаар, ялангуяа Их Ойгор, Хөх хөтөл, Хулжаа, Баянзүрх, Монгол гол, Хатуу, Хар ямаат, Шар ямаат гэх газруудад өвөлжилт маш хүнд, цасны зузаан 35-50 см байна. Мал бэлчих газаргүй болсон. Сумын нэгдүгээр багийн төв рүү орох даваа хаагдсан. Өнгөрсөн зун өвс ногооны гарц муу, намар цас их орсон тул нэгдүгээр багийн малчид малынхаа 70 орчим хувийг борлуулжээ. 


Цэнгэл сумын 6, 7, 5, 4, 3, 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн Дунд салаа Ховд голийн хавцал, Хар уул орчмын нутгуудад цасан бүрхүүл тогтсон, мал бэлчих боломжгүй байна. Малчид бэлтгэсэн тэжээлийнхээ 60 хувийг зарцуулжээ. Тус сумын 4, 1, 5, 3 дугаар багийн хаагдсан зам давааг засах ажлыг нутгийн иргэд болон багийн Засаг дарга нартай хамтран гүйцэтгэжээ. Тэдэнд сумын ЗДТГ-аас шатахууны дэмжлэг үзүүлсэн байна. Нийт бэлчээрийн 60 гаруй хувь нь цасанд дарагдсан, иргэдийн хаваржаандаа нүүх нүүдэл эхэлсэн тул машин техник, мал явах замуудын цасыг арилгах ажлыг зохион байгуулж байна.   

Related news