ХК болсон хоёр банк 3-15 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-14 13:14:10

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд хувьцаа эзэмшигч нартаа ногдол ашгаа хуваарилж эхэллээ.

Тухайлбал:

  • “Айтүүлс" ХК 2023 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 43 хувь буюу 103,356,372 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэжээ. Тодруулбал, нэгж хувьцаа тус бүрд 3 төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилах нь.
  • “Богд Банк" ХК 2023 оны сүүлийн хагас жилийн цэвэр ашгийн 25 хувь буюу 3,521,752,459 төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд олгохоор болов.
  • “Монложистикс холдинг" ХК цэвэр ашгийн 35 хувь буюу 3 тэрбум төгрөгийг нийт хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон олгохоор шийдвэрлэсэн нь нэгж хувьцаа тус бүр нь 7.58 төгрөг болж байна.
  • “ХасБанк" ХК 2023 оны эхний хагас жилийн цэвэр ашгаас 15,5 тэрбум төгрөгийг ногдол ашиг болгоно. Нэгж хувьцааны 14.75 төгрөгийн ногдол ашгийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” дэх хувьцаа эзэмшигчдийн нэрийн дансанд байршуулжээ. Мөн эчнээ санал хураалтаар ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг тодорхойлох бүртгэлийг 2024 оны нэгдүгээр сарын 2-ноор тогтоожээ.

Хувьцаа эзэмшигчид өөрийн үйлчлүүлдэг брокер, диллерийн компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээлэл авах боломжтойг мэдээллээ.

Related news