Тархины харвалт ба зүрхний шигдээсийн төрөлжсөн тусламж үйлчилгээний төслийн үр дүнг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-11-10 14:42:51

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт “Тархины харвалт ба зүрхний шигдээс” төсөл хэрэгжсэний 10 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагаагаа тайлагнах, танилцуулж, хэлэлцүүлэх үйл ажиллагааг зохион байгууллаа.


АНУ-ын Мянганы сорилтын сан, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан компакт гэрээний дагуу 2010-2013 онд эрүүл мэндийн салбарт АНУ-ын Мянганы сорилтын сангийн 1.15 сая ам.долларын санхүүжилт, ДЭМБ-ын техникийн туслалцаатай “Тархины харвалт, зүрхний шигдээсийн төсөл” амжилттай хэрэгжсэн юм.


Энэхүү төсөл Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тархины харвалт, зүрхний шигдээсийн төрөлжсөн мэргэшлийн лавлагаа тусламж үйлчилгээ болтлоо нутагшин хөгжсөн. Энэхүү үйл ажиллагаанд төслийн санжүүжилт, техник туслалцааны дэмжлэг, бодлогын хэрэгжилт болон гүйцэтгэгч байгууллагыг төлөөлж Ерөнхийлөгчийн зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте, Мянганы сорилтын корпорацын дэд суурин төлөөлөгч Бурак Инанч, УГТЭ-ийн захирал, анагаах ухааны доктор, Монгол Улсын хүний гавьяат эмч Ц.Төмөр-Очир нар мэндчилгээ дэвшүүлж амжилт хүслээ.


УГТЭ төслийн хэрэгжилт, хүрэх үр дүнгийн тогтвортой байдлыг тасралтгүй хангах зорилго, хүчин чармайлтын дүнд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хэмжээнд тархины харвалт, зүрхний шигдээсийн эмнэлгийн цогц тусламж үйлчилгээг амжилттай нутагшуулж чадсан юм. Үүний зэрэгцээ энэ чиглэлээр эрүүл мэндийн бусад байгууллагын эмч, эмнэлгийн мэргэжилтнийг сургаж мэргэшүүлэх, эрдэм шинжилгээ судалгааны бүтээлүүд туурвих, харвалт шигдээсийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга аргачлал, технологиудыг нэвтрүүлэх ажлыг хийж, энэ чиглэлээр салбартаа манлайлагч байж ирснийг төслийг хэрэгжүүлэгчид онцлон дурдаж байлаа.




Related news