Сонгуулийн санхүүжилтийн зарцуулалтанд 13 сая төгрөгийн зөрчил илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-21 15:03:53

Сүхбаатар аймгийн Аудитын газар УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн санхүүжилтэнд аудтын шалгалт хийж, урьдчилсан дүгнэлтийг гаргажээ. Шалгалтаар төсвийн зарцуулалтыг тулган баталгаажуулахад мөнгөн урамшууллыг илүү бодож олгосон, зориулалтын бус зүйлд зарцуулсан анхан шатны баримтгүй ажил гүйлгээнд олгосон зэрэг нийт 7 сая төгрөгийн, мөн сонгуулийн зардлын төсвийн гүйцэтгэлийг тайлагнахдаа 6,2 сая төгрөг дутуу тайлагнасан гээд нийт 13,2 сая төгрөгийн зөрчил илэрчээ.

Тиймээс аймгийн аудитын газраас гарсан зөрчлүүдийг арилгуулахын тулд холбогдох заавар, зөвлөмжүүдийг аймаг, сумдын сонгуулийн хороодод хүргүүлжээ.

Аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор М.Нарантуяа: Шалгалтын эцсийн дүгнэлт гараагүй байгаа. Улсын хэмжээнд нэгдсэн журмаар гарах учиртай. Гэхдээ манай аймгийн тухайд урьдчилсан байдлаар СЕХ-ноос баталсан төсвийг аргачлал, зөвлөмжийн дагуу аймаг, сумдын сонгуулийн хороодод хуваарилсан боловч аймгийн сонгуулийн хороо сумдынхаа сонгуулийн хорооны санхүүгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллаагүй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна гэлээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос 2016 оны УИХ болон аймгийн ИТХ-ын сонгуулийн зардалд нийт 267 сая төгрөгийн санхүүжилтийг Сүхбаатар аймагт олгосон. Үүнийг СЕХ-ноос баталсан аргачлалын дагуу аймгийн сонгуулийн хороонд 72 сая төгрөг, 13 сумын сонгуулийн хороодод  195,7 сая төгрөгийг тус тус хуваарилжээ. Олгосон санхүүжилтийг ихэнх хороод 100 хувь ашигласан бол аймгийн сонгуулийн хороо, Онгон, Уулбаян сумдын хороодоос нийт 17 сая төгрөг үлдсэнийг СЕХ-ны дансанд буцаан төвлөрүүлжээ.

Т. Одончимэг

 

Related news