ЗАВХАН: Жилд 1300 орчим ажлын байрыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд бий болгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-11-01 12:46:41

Улиастай, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Тус аймаг жилд дунджаар 1.3-1.5 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд зарцуулдаг аж.


Тус аймгийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийн явцтай танилцах, үнэлгээ зөвлөмж өгөх ажлын баг Завхан аймагт ажиллаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд П.Зулпхар нь Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн гишүүд, нийгмийн түншлэлийн холбогдох төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр тус аймагт ажиллалаа.


Ажлын баг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хэрэгжилтийн явцтай танилцаж, төсөл хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн төлөөлөл болон аймгийн хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн гишүүдтэй уулзалт хийсэн байна. Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа асуудал, цаашид шийдвэрлэх арга замын талаар харилцан санал солилцлоо.


Хөдөлмөр эрхлэлт нь амьдралын чанарыг дээшлүүлж, нийгмийн дунд давхрааг өргөжүүлэх, нийгмийн хамгааллыг бэхжүүлж, амьжиргааны түвшнийг дээшлүүлэх үндсэн арга хэрэгсэл, хөшүүрэг юм. Иймд Монгол Улсын төрөөс хөдөлмөр эрхлэлтээр дамжуулан хүний хийгээд нийгмийн хөгжлийг хангах асуудлыг бодлогын түвшинд анхаарсаар ирсэн аж.


“Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Хөдөлмөрийн эдийн засгийн тэнцвэрийг хангаж, мэдлэгийн эдийн засгийг бүрдүүлж, иргэн бүрийг ажилтай, орлоготой болгоно” гэсэн зорилтыг дэвшүүлсэн байна.


Тиймээс тус аймагт ажиллаж буй ажлын баг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийг 2024 оноос эхлэн орон нутгийн онцлогтойгоор боловсруулан хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдуулан хэд хэдэн онцлог заалтын талаарх мэдээллийг өгсөн байна.



Завхан аймгийн хувьд Засгийн газрын бодлогын хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийг 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа. Ингэхдээ оюутан, залуучууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй иргэн, ахмад настан, малчин, эмэгтэйчүүд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажил олгогч нарын онцлогт тохирсон ажлын байрыг дэмжин ажиллаж байна.


Тус аймаг жилд дунджаар 1.3-1.5 тэрбум төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд зарцуулдаг. Дээрх хөтөлбөр төслийн хүрээнд жилд 1200-1300 шинэ ажлын байрыг бий болгодог гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Related news