ЗАВХАН: Үндэсний бичгийн түвшин тогтоох судалгаанд идэвхтэй хамрагдахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-04-10 16:09:04

Улиастай, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагуудын бүх албан хаагчаас үндэсний бичгийн түвшин тогтоох судалгааг улсын хэмжээнд авч байгаа. 


Дөрөвдүгээр сарын 2-18-ны өдрүүдэд авч байгаа энэ судалгаанд Завхан аймгийн төрийн албан хаагчдын хамрагдалт 28.6 хувь буюу хангалтгүй байгаа тул байгууллагаараа идэвхтэй хамрагдахыг Завхан аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс мэдээлэв.


Төрийн албан хаагчид удирдлагаасаа өгсөн чиглэлийн дагуу https://mongol-bichig.nso.mn/ холбоосоор нэвтэрч судалгаанд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Өнөөдрийн байдлаар судалгаанд Завхан аймгийн хамрагдвал зохих 5414 төрийн албан хаагчаас 1551 нь хамрагджээ.

Тухайлбал Завхан аймагт ажиллаж буй улс төрийн албаны 194 албан хаагчаас 63 нь, төрийн захиргааны 740 алба хаагчаас 382 нь, төрийн үйлчилгээний албаны 4419 алба хаагчаас 1048 нь тус тус судалгаанд хамрагдсан байна.  


Үндэсний бичгийн түвшин тогтоох судалгааг Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Хэлний бодлогын үндэсний зөвлөл хамтран улсын хэмжээнд зохион байгуулж байна гэж Завхан аймаг дахь Хэлний бодлогын салбар зөвлөлөөс мэдээлэв.  


“Монгол хэлний тухай” хуульд заасны дагуу төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ 2025 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулахаар бэлтгэж байгаа.

Тиймээс “Монгол хэлний тухай” хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид үндэсний бичгийн талаар төрөөс авч, хэрэгжүүлэх бодлого, дүрэм, журам, үндсэн чиглэлийг боловсруулахад шаардлагатай тоо, мэдээллийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийн ахицын үнэлгээг нарийвчлан тогтоох зорилгоор дээрх судалгааг зохион байгуулж буй. 

Судалгааны дүнг 4 дүгээр сарын 29-нд нэгтгэн, 5 дугаар сард “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын үеэр нийтэд танилцуулах юм. 

Related news