ЗАВХАН: Дулааны цахилгаан станцын барилгын ажил 60 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-20 12:25:51

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Тосонцэнгэл суманд барьж буй дулааны цахилгаан станцын барилгын ажил 60 гаруй хувьтай байна.


Тосонцэнгэл дулааны цахилгаан станц төслийг энэ оны тавдугаар сараас Жем групп, Тосон энержи ХХК өөрсдийн хөрөнгөөр эхлүүлсэн байна.


Энэ төсөл нь бүс нутгийн нүүрсний томоохон орд Могойн гол, Овоотын нүүрсийг ашиглан шинээр эрчим хүчний эх үүсвэр барьж бүс, орон нутгийг цахилгаан эрчим хүчээр хангах.

Тосонцэнгэл сумын төвийг дулааны эрчим хүчээр хангах, Алтай-Улиастайн эрчим хүчний системтэй холбогдон сүлжээний горим ажиллагааг сайжруулах, цахилгаан эрчим хүчний найдвартай хангамжийг бий болгох зорилготой аж.


Төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ба эхний ээлж 2х9 (18) МВт чадалтай станцыг 2024 онд багтаан ашиглалтад оруулахаар барилгын ажлыг хийж байна.


Одоогийн байдлаар талбайд 60 орчим хятад, 20 гаруй монгол ажилчид ажиллаж байна. Дулааны цахилгаан станц нь эргэлтэт буцламтгай шаталтат зуух буюу Монгол улсад шинэ технологийг нэвтрүүлсэн бүтээн байгуулалт юм.


Өнөөдрийн байдлаар дулааны цахилгаан станцын тоноглолуудын суурь болон зуух, уурын турбин генераторын барилгын суурь дууссан. Зуухны карказыг босгосон, Уурын турбины барилгын дам нурууны цутгалтууд дууссан.


Бусад туслах байгууламжуудын суурийн ажлыг хийж байна. 2024 оны 12 дугаар сард төслийн эхний шат дуусаж, улсын комисс хүлээн авна.


Дулааны цахилгаан станцыг олон шаттай судалгаа шинжилгээний хүрээнд байгаль орчинд ээлтэй технологоор барьж байна гэж Тосонцэнгэл сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Related news