ДАРХАН-УУЛ: Цэвэр усны сүлжээг шинэчилж, ухаалаг тоолуур нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-10-18 16:08:36

Дархан, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Австри Улсын Засгийн газрын хамтын хэлэлцээрээр Дархан хотын цэвэр усны шугам шинэчлэлт, ухаалаг тоолуур нэвтрүүлэх төсөл хэрэгжихээр болсон. Уг төслийн танилцуулга өнгөрсөн зургаадугаар сард хийсэн бол цэвэр усны шугам сүлжээний эхний ээлжийн татан авалтыг хийж барилга угсралтын ажлыг хотын баярын өдөр эхлүүллээ.




Төслийн хүрээнд Австри Улсын “Юни кредит” банкны санхүүжилтээр эргэн төлөх нөхцөлгүйгээр 7.5 сая еврогийн хөрөнгө оруулалтаар аймгийн хэмжээнд 14 километр цэвэр усны шугам, 15 мянган ширхэг ухаалаг тоолуурыг шинэчлэх ажил хийгдэх аж.




Дархан хотод 170 орчим км цэвэр усны шугам байдаг. Үүнээс 90 орчим километр нь насжилт өндөртэй ажээ. Тиймээс төслийн хүрээнд Дархан хотын усан хангамжийн шугам сүлжээний насжилт өндөртэй, гэмтэл их гардаг эрсдэлтэй хэсгүүдийг шинэчлэхээр төлөвлөсөн байна.




Монгол Улсад ус хангамжийн уйл ажиллагаанд ухаалаг тоолуурын системийг анх удаа Дархан хотод нэвтрүүлснээр сайн жишгийг бий болгож, ухаалаг хэрэглээний давуу тал, ач холбогдлыг бодитоор бий болгохоор зорин ажиллаж байна гэж талууд онцолж байлаа. Төсөл хоёр жилийн хугацаанд үргэлжлэх аж.

Related news