ЗАВХАН: Гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор 10600 гаруй хүнд хүрч үйлчилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2023-10-13 17:47:38

Улиастай, 2023 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тус аймаг энэ онд гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадавхыг сайжруулах чиглэлээр нийт 45.6 сая төгрөгийг зарцуулжээ.  


Өнөөдөр гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна. Энэхүү өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.


Энэ жил “Гамшигт тэсвэртэй ирээдүйн төлөө тэгш бус байдалтай тэмцэх нь” уриан дор тэмдэглэнэ.

Өнөөдөр Завхан аймгийн Онцгой байдлын анги, байгууллагууд гамшигт тэсвэртэй дэд бүтцийн ач холбогдлын талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хуулийг таниулах, сурталчлах ажлыг хийж, давхардсан тоогоор ерөнхий боловсролын сургуулийн 110 гаруй суралцагч багш нар 60 гаруй иргэн оролцлоо.


Дээрх үйл ажиллагааг Улиастай, Тосонцэнгэл, Тэс сумын Онцгой байдлын газар, хэлтэс, ангиуд зохион байгуулж гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулсан юм.


Манай газраас гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургах, дадлагажуулах ажлыг жил бүр хийдэг. Ялангуяа гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдлыг хүүхэд, залууст танин мэдүүлэх үйл ажиллагааг тогтмол хийж байна.


Тухайлбал энэ жил гэхэд гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 33 удаагийн үйл ажиллагааг зохион байгуулж 10600 гаруй иргэн хамрагдсан байна.


Ирэх долоо хоногоос эхлэн аймгийн зургаан суманд гамшгаас хамгаалах иж бүрэн, команд штаб, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулахаар төлөвлөсөн гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Related news