ЗАВХАН: Их хэлмэгдүүлэлтийн он жилийг нэг өдөр дурсаад мартаж болохгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-10 17:34:22

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Завхан аймагт улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хэлмэгдэгсдийн дурсгалын баганад цэцэг өргөлөө.


Завхан аймгаас улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар цагаатгагдсан 2633 хүн байна. Монголын түүхэнд хамгийн их хар мөр үлдээсэн эмгэнэлт үйл явдал бол улс төрийн хэлмэгдүүлэлт билээ.


Энэ хэлмэгдүүлэлтэд Завхан аймгийн олон иргэн өртсөн. Хэлмэгдүүлэлтэд өртсөн иргэдийн 90 гаруй хувь нь лам хувраг байна. Дахин давтагдашгүй хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр бол улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. 


Тиймээс Завхан аймгийн ИТХ, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Хэлмэгдэгсдийн дурсгалын баганад цэцэг өргөж, хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нарын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Мянганбаяр хүлээн авч уулзлаа. Мөн Төгс буянт жавхлант хийдэд буяны ном хурж, автомашинууд хөдөлгөөнд оролцохдоо ойрын гэрлээ асааж хүндэтгэл үзүүлсэн юм. Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг аймгийн 24 сумын ИТХ-ын ажлын албууд сум бүртээ тэмдэглэн өнгөрүүлж соён гэгээрлийн ажлыг хийж байна. 


Бид их хэлмэгдүүлэлтийн он жилийг нэг өдөр дурсаад мартаж болохгүй. Хойч үедээ ийм гашуун түүх байсан юм шүү. Ирээдүйд давтагдах ёсгүй гэдгийг ойлгуулах, соён гэгээрүүлэх үүргийг аймгийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс анхаарч ажилладаг. Тийм ч учраас аймгийн төв болон сумуудад хэлмэгдлийн гашуун түүхийг таниулах ажлыг хийж байна.


Завхан аймгийн хэмжээнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн 2600 хүнээс 1800 хүн цагаатгагдсан. Цагаатгагдсан эдгээр иргэнээс, 428 иргэний ах дүү төрөл төрөгсөд нь нөхөх олговор авахаар материал бүрдүүлснээс 327 иргэн нөхөх олговрыг авсан байна гэж Завхан аймгийн ИТХ-ын Ажлын албанаас мэдээлэв.

Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын баганад цэцэг өргөлөө


Хэлмэгдэгсдийн ар гэр, үр ач нарын төлөөллийг аймгийн ИТХ-ын дарга хүлээн авч уулзав

Related news