ЗАВХАН: Шүдний кабинет тойргийн 8 сумын иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-09-08 17:01:13

Улиастай, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Түдэвтэй суманд төслийн дэмжлэгээр байгуулсан шүдний кабинет 2700 гаруй хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.


Японы Хүүхдийг ивээх сан нь АНУ-д төвтэй Денан төслийн санхүүжилтээр Завхан аймгийн Түдэвтэй суманд эрүүл мэндийн төслийг энэ оноос эхлэн хэрэгжүүлж байна.


Төслийн хүрээнд сум дундын Эрүүл мэндийн төвд иж бүрэн шүдний кабинет байгуулж өнгөрсөн дөрөвдүгээр сард хүлээлгэн өгсөн юм.  


Денан төслийн удирдах зөвлөлийн гишүүн Жейн, Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар Завхан аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжилтай уулзжээ. Энэ үеэр тус суманд хэрэгжиж буй төслийн талаар болон шүдний эрүүл мэндийн кабинетийн мэдээллийг солилцож, аймгийн хэмжээнд эх хүүхдийн эрүүл мэндийн асуудал ямар түвшинд байгаа, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болсон юм.


Денан төслийн дэмжлэгээр Завханы сумдын эрүүл мэндийн төвүүдэд шүдний кабинет байгуулж, шаардлагатай тоног төхөөрөмж, аппарат хэрэгсэл, эм тариа авахад дэмжлэг үзүүлэх. Эмч, ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хийж байна. Мөн зорилтот сумдын ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд эрүүл мэндийн клуб байгуулж, эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, нийгмийн эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг явуулж байгаа  гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Түдэвтэй суманд шүдний кабинет байгуулснаар тус сумын иргэдээс гадна тойргийн Асгат, Сонгино, Баянтэс, Тэс зэрэг 8 сумын 16 мянга гаруй иргэн амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртэх боломжтой болсон.


Мөн 18 хүртэлх насны 6600 орчим хүүхэд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг орон нутгаасаа авах боломж бүрдсэн юм. Өнөөдрийн байдлаар өөрийн сум, тойргийн 8 сумын 2700 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ. Шүдний кабинетад шүд, шүдний ёзоор авалт, цоорол, сувгийн эмчилгээ, фторт болон хар түрхлэг, нэг шүдний рентген, силант гэх мэтчлэн тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Сургуулийн болон цэцэрлэгийн 540 гаруй хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэгийг тогтмол зохион байгуулж амны хөндийн эрүүл ахуйн талаар зөвөлгөө өгчээ гэж Түдэвтэй сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Өлзийжаргал ярилаа.


Денан төслийн удирдах зөвлөлийн гишүүн Жейн, Японы хүүхдийг ивээх сангийн суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар Завхан аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын дарга Т.Рэнчинванжилтай уулзжээ. 


Түдэвтэй сумын ЭМТ-ийн шүдний кабинет тойргийн 8 сумын 2700 гаруй хүүхэд, насанд хүрэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлжээ.


Related news