БАЯН-ӨЛГИЙ: Хөдөө гэрийн нөхцөлд хагалгаа хийж, эх хүүхдийн амь насыг аврав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөө гэрийн нөхцөлд яаралтай журмаар хагалгаа хийж, эх, хүүхдийн амь насыг аварлаа.
Тодруулж хэлбэл, тус аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн Өмнөд судаг зусланд зусаж байсан 28 настай жирэмсэн эх М.А нь энэ сарын 9-ний өдөр биеийн байдал нь муудсан тул сумын Эрүүл мэндийн төвд хандаж эмнэлгийн тусламж үзүүлэхийг хүссэн байна. Сумын эмч нар зуслан дээр ирж эхийг үзэж, улмаар аймгийн Нэгдсэн эмнэлгээс хагалгааны баг дуудсан аж.
Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмч А.Хуаныш, Эх барих, эмэгтэйчүүдийн их эмч А.Тания нараар ахлуулсан хагалгааны баг ирэхэд эхийн биеийн байдал хүнд, их хэмжээгээр цус алдсан, ихэс ховхорсон байдалтай байжээ. Ийм яаралтай журмаар хагалгаа хийж, эх, хүүхдэд тусламж үзүүлэн амь насыг нь аварчээ.
Одоо эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн
эмнэлгийн Төрөх тасагт эмчилгээ хийж байгаа ажээ.