СҮХБААТАР: Монгол Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй 40 мянга орчим хүн их тахилгад оролцов

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2023-08-08 10:58:36

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Монгол түмний их шүтээн Алтан Дарь овоог 1913 онд Богд хааны зарлигаар тахиж эхэлснээс хойш 110 жил өнгөрчээ. Алтан овооны тэнгэрийг тайх тахилга 110 жилийн ойн Төрийн тахилгаа Сүхбаатарчууд ёслол төгөлдөр хийлээ.


Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Улсын Их хурал, Засгийн газрын гишүүд, аймаг сумдын удирдлагууд, шашны мяндагтан, лам хуврагууд, сүсэгтэн олон, ард иргэд оролцлоо.


Их тахилгыг 40 мянган орчим иргэн зорин ирсэн гэх мэдээлийг зохион байгуулагчдын зүгээс өгч байв.


Тахилгын үйл ажиллагааг аймгийн Засаг дарга М.Идэрбат нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлснээр төрийн тахилгын зан үйлийг эхлүүлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Сүхбаатар аймгийн бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд Монгол цэргийн хар сүлд, Чингис хааны эш хөрөг, бурхдын дүрийг залах, дуут сум арвах, адуу сэтэрлэх зэрэг уламжлалт зан үйлийг үйлдэв. Мөн лам хуврагууд сүсэгтэн олны хамтаар Алтан Овооны санг монгол хэлнээ хөрвүүлэн  хөгжөөсөн нь онцлог байлаа.