ХЭНТИЙ: Буцалтгүй тусламжаар сумын эрүүл мэндийн төвд их засвар хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-07-20 16:24:36
Чингис /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд 400 сая гаруй төгрөгөөр их засварын ажил хийхээр болжээ.

Учир нь тус барилгын дээврээс дусаал гоождог, бохир, халаалтын шугамын доголдолтой байгаа нь сумын эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөрөө үзүүлж байна. Тиймээс энэхүү төсөл амжилттай хэрэгжсэнээр эмч ажилтнуудын ажиллах нөхцөл сайжрахаас гадна иргэд эрүүл аюулгүй орчинд эмчлүүлж сувилуулах нөхцөл бүрдэнэ гэж талууд үзэж байгаа юм. Тус эмнэлгээр жилд 10 мянга орчим иргэн үйлчлүүлдэг бөгөөд үүнээс 400 гаруй нь хэвтэн эмчлүүлдэг аж.

Энэ удаагийн төсөл нь Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжиж буй 21 дэх төсөл бөгөөд Батширээт суманд хэрэгжих анхны төсөл болж байгаагаараа онцлогтой.
“Өвсний үндэс-хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг Япон Улсын Засгийн газраас 1990 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн Засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг, хамтын ажиллагааны төсөл юм. Тодруулбал тухайн орон нутгийн ард иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд энэхүү санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газрууд голлох үүрэг гүйцэтгэдэг аж.

Ташрамд сонирхуулахад өнгөрсөн жилийн хувьд тус төслийн санхүүжилтээр Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны нэгдсэн эмнэлэгт их засвар хийсэн байна.

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өнөөдөр уг гэрээнд гарын үсэг зурлаа.
Related news