Цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулж зарим хуульд нэмэлт орууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулсан юм. УИХ Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.3.5, 32.3.7 дахь заалтад заасан журмын дагуу Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул иргэний нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгчид шүүхийн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргахаас гадна хяналтын журмаар гомдол гаргах эрх олгох асуудлыг зохицуулсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Ингээд байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй тул хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.2 хувь нь дэмжсэн юм.
Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Хууль зүйн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32.3.5, 32.3.7 дахь заалтад заасан журмын дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох хэсгээс барьцаалагчийн эрхэд халдсан “Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.” гэсэн өгүүлбэрийг хасахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Байнгын хорооны энэ саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 65.5 хувь нь дэмжив.
Мөн нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг хэлэлцэж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсов. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Иргэний хуулийн зохицуулалтыг буцаан сэргээх үүднээс Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг Хууль зүйн байнгын хороо 2016 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 70.9 хувь нь хуулийн төслийг батлахыг дэмжсэн юм.