Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганд оролцох үеэрээ Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стуббтай уулзав.
Уулзалтын үеэр төрийн тэргүүн нар Монгол, Финландын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид дээд, өндөр түвшний айлчлалын давтамжийг хадгалахын чухлыг онцлов.
Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч Александер Стубб Монгол Улсын Ерөнхийлөгчийг тус улсад айлчлахыг урилаа. Түүнчлэн хоёр улсын худалдаа, эдийн засаг, боловсрол, байгаль орчин, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх, “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд монгол оюутнуудыг Финландын их, дээд сургуулиудад суралцуулах боломжийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.
Түүнчлэн хоёр улсын НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх уламжлалт хамтын ажиллагааг бэхжүүлэхээ талууд нотоллоо.