Энэтхэг Улсын ГХЯ-ны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн даргыг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-09-23 12:19:11

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамны Зүүн Ази хариуцсан Нарийн бичгийн дарга Перисиами Кумараныг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “гуравдагч хөрш” Энэтхэг Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд манай улс өндөр ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд, энэ онд тохиож буй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.


Талууд хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж буйг тэмдэглэж, Монгол, Энэтхэгийн харилцааны бэлгэ тэмдэг болсон Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулах чиглэлээр үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаар тохиров.


Related news