БАЯН-ӨЛГИЙ: Эцэг эхчүүдэд цэргийн ангийн үйл ажиллагааг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-24 10:58:02

Өлгий /МОНЦАМЭ/.  Баян-Өлгий аймгийн Өлгий хотод байрладаг Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит Хилийн цэргийн 0165 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын төвийн үйл ажиллагааг цэргүүдийн ар гэр, эцэг эхчүүдэд танилцуулах өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр ангийн удирдлагууд хугацаат цэргийн алба хаагчдын эцэг эх, ар гэрийн хүмүүстэй уулзалт, ярилцлага хийлээ. Мөн Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, сургалтын төвийн үйл ажиллагаа, цагийн хуваарийн талаар мэдээлэл өгч, оролцогчдын санал хүсэлтийг сонсов.

Хугацаат цэргийн алба хаагчдын эцэг эх, ар гэрийнхэн цэргийн ангийн үйл ажиллагаа, байлдагчдын орон байр, гал тогоо болон бусад албадын үйл ажиллагаатай танилцаж, цэргүүдтэй хамт өдрийн хоол идлээ.

Дээрх ажил нь иргэдэд цэргийн анги болон хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, мэдээлэл авах боломж бүрдүүлсэн үр дүнтэй ажил болсон гэдгийг албаны хүмүүс онцолж байна. 



Related news