ДУНДГОВЬ: “Хүүхдийн шим тэжээлт хоол” уралдаанд 13 сумын 41 тогооч оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-15 13:50:15
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар “Хүүхдийн шим тэжээлт хоол” уралдааныг тус аймагт анх удаа зохион байгууллаа.

Уралдаанд Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрцогт, Дэлгэрхангай, Дэрэн, Адаацаг, Говь-Угтаал, Гурвансайхан, Луус, Өндөршил, Баянжргалан, Цагаандэлгэр, Өлзийт сумаас 41 тогооч хоол үйлдвэрлэлийн мэдлэг, чадвараа сорин оролцжээ.

Тус уралдаан нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн нас, бие бялдрын онцлог, хэрэгцээнд тохирсон, эрүүл, аюулгүй хоол ундаа бэлтгэн нийлүүлэх, хоолны цэсийг оновчтой болгож түгээн дэлгэрүүлэх, тогооч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх ач холбогдолтой юм.



Уралдаанд Сайнцагаан сумын 1 дүгээр цэцэрлэгийн тогооч О.Норовням түрүүлж, Луус сумын сургуулийн дотуур байрын тогооч Н.Ганчимэг, Говийн Ирээдүй цогцолбор сургуулийн тогооч Х.Бямбаа нар удаалж, 5 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа, Дэлгэрцогт сумын цэцэрлэгийн тогооч С.Отгончимэг нар “Шилдэг санаа гаргагч” тогоочоор тус тус шалгарчээ.



Одоогийн мөрдөж буй журмаар цэцэрлэгийн хүүхэд бүрийн нэг өдрийн хоолны зардлыг 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгт 2475, Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын нормативыг 1500 төгрөгөөр тооцдог.

Тус журмын дагуу цэцэрлэг, сургуулиуд хүүхдэд тэдний өсөлт хөгжлийг дэмжих, зайлшгүй шаардлагатай илчлэг, шим тэжээлийн шаардлагыг хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний бүтээгдэхүүн бэлдэх үүрэгтэй.

БШУ-ы сайд, Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын 2020 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн хамтарсан тушаалаар "Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногийн хоолны илчлэгийн хуваарилалт", "Цэцэрлэгийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ", "Ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдийн хоногийн хэрэгцээг хангах хүнсний бүтээгдэхүүний жишиг хэмжээ"-г баталсан байдаг.

Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдийн хоногт авбал зохих илчлэгийг цэцэрлэгт 80 хувь, Ерөнхий боловсролын сургуулийн “Үдийн хоол хөтөлбөр”-т хамрагдаж байгаа хүүхдэд (хүүхдийн хөдөлгөөний идэвх, биеийн хөгжлийн онцлогоос хамаарна) 35 хувь байхаар тогтоожээ. Үлдсэн илчлэгийг хүүхэд гэрийнхээ хоол хүнсээр авч байх ёстой юм.

1-3 настай хүүхэд өдөрт 1020 ккал илчлэгийг хоол хүнсээр авах ба 16 хувийг уураг, 26 хувийг тос, 57 хувийг нүүрс ус эзлэх ёстой байдаг бол 4-6 настай хүүхдийн хувьд 1402 ккал илчлэг авах шаардлагатай. Харин 7-10 настай хүүхдэд өдөрт 1735 ккал, 11-14 настай хүүхдэд 2335 ккал илчлэг шаардлагатай ажээ. 

No description available.


No description available.

No description available.

Related news