БАЯН-ӨЛГИЙ: Сийлхэмийн нурууны аргаль хонины тоо 83 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-05-12 15:51:51

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур сумын нутагт улсын хил дээр орших Сийлхэмийн нуруу нь байгалийн үзэсгэлэн бүрдсэн, ховордсон амьтан, ургамал, түүх соёлын дурсгалууд олонтой нутаг. Энэхүү онцлогийг нь харгалзан 2000 онд УИХ-ын 29 дүгээр тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан байдаг.

Тухайн байгалийн цогцолбор газарт цоохор ирвэс, аргаль хонь, янгир ямаа зэрэг нэн ховор болон бүс нутгийн хэмжээнд “ховордож болзошгүй” хэмээн үнэлэгдсэн амьтад амьдардаг.

Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгаагаар тус газарт амьдардаг аргаль хонины тоо толгой өссөн байна. Тодруулж хэлбэл, хил дагуух аргалийн тооллогоор Сийлхэмийн нурууны аргалийн тоо 2007 оноос өссөн хандлага ажиглагджээ. Анх 2007 онд 300 гаруй аргаль байсан бол эдүгээ 2 мянга болж өссөн байна. Энэ нь 83 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд ихэнх нь байгалийн цогцолбор газрын “А” хэсэгт тохиолдсон гэж Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулиас явуулсан Сийлхэмийн нурууны “Биологийн олон янз байдлын суурь судалгаа”-нд дурджээ.

Судлаачид хээрийн судалгааны явцад нийтдээ 389 бодгаль тэмдэглэснээс 373 бодгалийн нас, хүйсийг тодорхойлжээ. Үүнд угалз 39 бодгаль (10 хувь), хомь 238 (64 хувь), төлөг 22 (6 хувь), хурга 74 бодгаль (20хувь) тус тус  бүртгэсэн байна. Угалз, хомийн харьцаа 1:6 буюу нэг угалзад ноогдох хомийн тоо харьцангуй өндөр байгаа ч намрын сүүлчээр ОХУ-аас аргаль хонинууд хил даван орж ирснээр энэ харьцаа өөрчлөгддөг ажээ. 

Related news