Визийн мэдүүлгийг шалгах хугацаанд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Солонгос Улсын виз мэдүүлж буй Монгол Улсын иргэдэд дэмжлэг үзүүлэх, виз олгох журмыг хөнгөвчлөх ажлын хүрээнд БНСУ-ын виз мэдүүлсэн иргэд визийн мэдүүлгийг шалгах хугацаанд өөр улсад яаралтай зорчих тохиолдолд гадаад паспортаа ЭСЯ-наас түр буцаан авах боломжтой болжээ.
Энэхүү зохицуулалт нь энэ сарын 5-ны өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд иргэд БНСУ-ын ЭСЯ-нд хүсэлтээ гаргаж, виз мэдүүлгийн төвөөр /KVAC/ дамжуулан гадаад паспортаа түр авч, 28 хоногийн дотор буцаан өгөх юм. Солонгосын тал цаашид иргэдийн визийн мэдүүлгийг хянах, визийн хариу өгөх хугацааг боломжтой хэлбэрээр бууруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа аж.