Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсад айлчилна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар 2025 оны есдүгээр сарын 4-7-нд тус улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын зорилго нь Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын Стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд оршиж байна.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга
Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын доод танхим
Мажилисийн дарга Е.Ж.Кошанов нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа,
хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.
Мөн Монгол Улсын Их Хурал, Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилис
хоорондын хамтын ажиллагааны Санамж бичиг болон байгууллага хоорондын баримт
бичгүүдийг байгуулна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс нь 1992 оны нэгдүгээр
сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Хурлын
даргын түвшинд 22 жилийн дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.