ДУНДГОВЬ: Иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-05-02 14:51:16
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны Дундговь аймаг дахь салбараас аймгийн ЗДТГ, хуулийн байгууллагуудтай хамтран “Хуульчийн Про боно” өдөрлөг зохион байгуулж, иргэдэд хуулийн зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээ үзүүллээ.

Монголын Хуульчдын холбооноос санаачлан жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрийг “Хуульчийн Про боно” өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдөр хуульчид өөрийн ажлын цагийн тодорхой хэсгийг нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаанд зориулдаг байна.



Өдөрлөгийн хүрээнд иргэдийн иргэний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл, үйлчилгээг үнэ төлбөргүй өгөх, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль тогтоомжийг сурталчлах, хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль тогтоомжийг сурталчлах ажлуудыг зохион байгуулж, иргэдэд гарын авлага, танилцуулга тараажээ.

Тодруулбал, тус өдөрлөгт хууль хяналтын болон төрийн 15 байгууллага оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан төрийн үйлчилгээг хүргэж, хуулийн зөвлөгөө мэдээлэл өгч, нотариатын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлсэн байна.

Энэ үеэр 23 хуульч, 15 байгууллагын төрийн албан хаагчид ажиллаж, 235 иргэн зөвлөгөө авч, үйлчлүүлсэн бол Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад “Нууцтай байх эрх” сэдвээр сургалт зохион байгуулж, 53 сурагч оролцжээ. 



Related news