ДУНДГОВЬ: Засаг дарга Ц.Мөнхбат аймгийн харьяат генералуудад хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-28 15:34:17
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Монгол Улсад генерал цол олгож эхэлсний түүхт 79 жилийн ойг тохиолдуулан аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Дундговь аймгийн харьяат, генералуудад хүндэтгэл илэрхийллээ. 

Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ЗДТГ-ын дарга Л.Доржбат, хуулийн зөвлөх, хуульч, өмгөөлөгч Л.Данзанноров, гадаад харилцааны зөвлөх Б.Түмэнжаргал нар болон Хошууч генерал Ж.Содном, Хошууч генерал Б.Баярмагнай, Тагнуулын ерөнхий газрын дарга, Хошууч генерал П.Одонбаатар, Бригадын генерал Г.Болор нар оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 

Тус аймгаас батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг сахих, тусгай чиг үүргийг хэрэгжүүлэхэд тууштай ажиллаж онцгой үүрэг гүйцэтгэсэн хошууч генерал Чимэдийн Мижид, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хошууч генерал Жамцын Содном, хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай, Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал Пэлжээгийн Одонбаатар, Монгол Улсын анхны эмэгтэй генерал цолтон, бригадын генерал Ганболдын Болор, бригадын генерал Сайннямбуугийн Баатарцогт нарын зургаан генерал цолтон төрөн гарчээ.


Хошууч генерал Ч.Мижид 1985 онд Эрдэнэдалай суманд төрсөн. Тэрээр Багш нарыг бэлтгэх сургууль, ЗХУ-ын Москва хотноо Дотоод явдлын яамны дунд сургуульд суралцан төгссөн байдаг.

Ч.Мижид 1920 оноос тухайн үеийн Түшээд хан аймгийн Түшээт чин вангийн хошуу (одоогийн Эрдэнэдалай сум)-ны Тамгын газрын зарлага, туслах бичээч, эх бичээчээр ажиллаж байгаад 1928 онд цэрэгт татагдан ирж, 1 дүгээр морьт дивизэд цэрэг, 1929-1937 онд ДХГ-ын тусгай салаанд цэрэг, төлөөлөгч, тасгийн дарга, отрядын дарга, 1937-1941 од Монгол тээхийн дарга, МАХЦ-ийн Хуягт танкийн газрын даргаар ажиллаж байжээ.

Мөн 1942 онд Дундговь аймаг анх байгуулагдахад аймгийн анхны даргаар ажиллаж байгаад Хэнтий аймгийн даргаар томилогдож, дараа нь 1949 он хүртэл Улсыг батлан хамгаалах эвлэлийн төв зөвлөлийн дарга, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах дарга, 1949-1950 онд ДЯЯ-ны аж ахуйн хэрэг эрхэлсэн орлогч сайдаар тус тус ажиллаж байгаад цэргийн албанаас бэлтгэлээр халагдан “Хараа” амралтын даргаар томилогдож байсан.

1942 онд БНМАУ-ын СНЗ-ийн тогтоолоор түүнийг УБХТЗ-ийн даргаар томилж, Өөрийгөө хамгаалах ардын сайн дурын отрядын жанжны алдар цолоор шагнаж байсан ба олны дунд “жанжин Мижид” хэмээн алдаршсан байна.

1944 онд түүнд Хошууч генерал цол олгожээ. Морьт отрядын жанжин, Хошууч генерал Ч.Мижид 1932 онд баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогыг дарах үйл хэрэг, 1939 оны Халхын гол, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн сайн дурын морьт отрядуудыг удирдан Долнуурын чиглэлд байлдааны үүрэг гүйцэтгэж байжээ.

Мөн Дэлхийн хоёрдугаар дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн улаан армид хүргэх 3 дахь цувааны нэг хэсгийг ахлан Москва хотноо хүргэж өгч байсан аж. Тэрээр хоёр удаа Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтангадас одон, Тува улсын Хөдөлмөрийн одон, ЗХУ-ын медалиар тус тус шагнуулжээ.


Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хошууч генерал Ж.Содном 1933 онд Гурвансайхан суманд төрсөн. 1950 онд Дэлгэрцогт сумын дунд сургуулийн 7 дугаар анги, 1963-1966 онд ЗХУ-ын Москва хотын Дотоод яамны шинжээчийн дунд сургуулийг төгсөж, шинжээч мэргэжил эзэмшсэн.

Тэрээр Дундговь аймгийн Хорих ангид хянагч, Аюулаас хамгаалах яамны хэсгийн төлөөлөгчөөр сум руу томилогдон, ахлах төлөөлөгч, ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан.

1966-1972 онд Дорноговь аймгийн Цагдаагийн газрын дарга, 1973 онд Увс аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн дарга, 1976-1989 онд ШШГЕГ-ын дарга, ЦЕГ-ын орлогч даргаар ажиллаж байжээ.

1981 онд тэрээр ШШГЕГ-аас анх удаа генерал цол хүртсэн ба Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Дундговь аймгийн Хүндэт иргэн зэрэг төр засгийн хүндтэй шагналаар шагнуулж байжээ.


Хошууч генерал Б.Баярмагнай 1990 онд Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль төгссөн. Цэргийн их сургуулиас ажлын гараагаа эхэлж, агч, дамжааны багш, Зэвсэгт хүчний 150 дугаар анид Батарейны захирагч, Артиллерийн дарга, сургагч багш, сургалт бэлтгэлийн албаны дарга, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төвийн дарга, ЗХЖШ-ын энхийг сахиулах ажиллагааны газарт Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга, хэлтсийн дарга, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн захирагч, ЗХЖШ-т ерөнхий хянан шалгагч, Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, ЗХЖШ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байсан.

Б.Баярмагнай 2003 оноос Ирак улсад дайны дараах сэргээн босголт, тогтвортой байдал бий болгох Иракийн эрх чөлөө ажиллагаанд, 2005-2006 онд НҮБ-ын мандаттай Сьерра-Леон улс дахь энхийг сахиулах ажиллагаанд Зэвсэгт хүчний цэргийн багийн анхны ээлжүүдийг удирдан ажиллаж байжээ.

2009 онд Бригадын генерал цол, 2011 оны тавдугаар сарын 25-ны өдөр албан тушаалын зэрэглэлийн хошууч генерал цол хүртсэн байна.


Тагнуулын ерөнхий газрын дарга, хошууч генерал П.Одонбаатар 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Ажлын гараагаа аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагчаар эхэлж байсан тэрээр цэргийн байгууллагад 20 гаруй жил ажиллажээ.

Тэрээр Дундговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, Орон нутгийн газрын даргаар ажиллаж байгаад 2020 оны 8 дугаар сараас Тагнуулын ерөнхий газрын даргаар томилогдон ажиллаж байна.  2021 оны 7 дугаар сард Хошууч генерал цол хүртжээ.


Бригадын генерал Г.Болор Дэлгэрцогт сумын уугуул. Цахилгаан холбооны инженер, командын офицер, Англи хэлний багш, орчуулагч мэргэжилтэй. Техникийн ухааны магистр, Олон Улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр, ҮБХИС-ийн докторант.

ЗХЖШ-ын Тооцоолох төвд Электроник инженер, БХИС-ийн Холбооны тэнхимд багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлалын Холбооны албаны дарга, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн албаны дарга, Сургалтын хэлтсийн даргын албыг хашсан. 2022 оны 3 дугаар сараас ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын даргаар ажиллаж байна.

2009-2010 онд Чад Улс, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “MINURCAT” ажиллагаа, Хүчний штабт хүний нөөцийн мэргэжилтэн, 2013-2014 онд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс, НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаа, Хүчний штабт Холбооны хэлтсийн дарга, 2015-2016 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв штабын Энхийг сахиулах ажиллагааны газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байжээ. Тэрээр 2022 оны 3 дугаар сард Бригадын генерал цолоор шагнуулжээ.


Бригадын генерал С.Баатаржав 1967 онд Улаанбаатар хотод төрж, Дундговь аймгийн 10 жилийн дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цагдан сэргийлэхийн дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академи, Монголын Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн, хуульч мэргэжилтэй, Хууль зүйн ухааны доктор.

Тэрбээр сүүлд Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байгаад Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон ажиллаж байсан.

1990 оноос Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, Сум дундын цагдаагийн тасгийн дарга, Цагдаагийн газрын дэд дарга, дарга, Эрүүгийн ажил эрхэлсэн тасгийн дарга, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, ЦЕГ-ын Тамгын газрын Хяналт, шалгалтын тусгай тасагт зохион байгуулагч, Улсын мөрдөн байцаах газрын дарга, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар томилогдон ажиллаж байсан.

2017 оноос ЦЕГ-ын дарга, дотооп цэргийн командлагчаар ажиллаж байгаад 2021 оны зургадугаар сараас Монгол Улсаас Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогджээ. Тэрээр 2019 онд Бригадын генерал цолоор шагнуулжээ. 

Related news