Баян-Өлгий: Цагааннуур боомтод тээврийн хэрэгслүүд цасанд боогджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар өнгөрсөн шөнө хүчтэй цасан шуургатай байлаа. Аймгийн төвд салхины хурд 17-22 м/с, Ногооннуурт 10-17, Баяннуур суманд 12-19 м/с-д хүрч шуурсан.
Мөн Өлгий, Улаанхус, Толбо сумаас хойших нутгуудаар хур тунадас буулаа.
Үүний улмаас тус аймгийн Ногооннуур сумын нутагт орших авто замын Цагааннуур
боомт орчмын зам цасанд дарагдаж, машинууд явж чадахгүй байгаа аж.
Цагааннуур тосгоны захирагч А.Арыстаны өгсөн мэдээллээр одоогийн байдлаар
Цагааннуур боомтоос Оросын хил хүртэлх зам битүү цастай, авто машин явах
боломжгүй байна.
Уг асуудлаар аймгийн Авто тээврийн төвийн дарга З.Онгараас тодруулахад, "Баруун
бүсийн босоо тэнхлэгийн авто замын тухайн хэсгийн засвар, арчилгааг хариуцан
ажилладаг "Жол" компаниас техник хэрэгсэл гаргаж, цасыг цэвэрлэхээр ажиллаж
байна" гэв.