С.Зулпхар: Мэргэжлийн боловсрол бол манай хөдөлмөрийн зах зээлийн ойрын хугацааны хамгийн чухал зорилт юм
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны арван хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга, доктор профессор С.Зулпхартай ярилцсанаа толилуулж байна.
-Та УИХ-ын гишүүнээр сонгогдоод 1 жил 6
сарын хугацаа өнгөрч байна. Таныг УИХ-ын чуулганд таслалгүй, хоцролгүй идэвхтэй
оролцдог гишүүний нэг гээд иргэд хардаг. Энэ хугацаанд та ямар ажлын хэсгүүдэд
орж ажиллаж байна, өргөн барьж хэлэлцүүлж байгаа хууль, тогтоолын төслүүдийнхээ
талаар мэдээлэл өгнө үү?
-УИХ-ын
гишүүн нь хугацаатай төрийн эрх, үүргийг хэрэгжүүлдэг төрийн улс төрийн алба
хаагч нар шүү дээ. Энэ ч үүднээс үндсэндээ 3 удаагийн чуулганы хуралдаан
хуралдаж, 3 дахь нь өндөрлөх тийшээгээ хандаж байна. Гишүүнээр сонгогдсоноос
хойш намрын чуулган, хаврын чуулган, одоо ингээд намрын чуулган залгаад дуусах
гэж байна. Өнгөрсөн хугацаанд миний бие УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын
хороонд болон Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдан
ажиллаж байгаа. Дээр нь Боловсрол, шинжлэх ухааны дэд хороог бас ахалж байгаа.
Ийм чиг үүрэгтэй учрас яг энэ чиг үүргийнхээ хүрээнд аль болох хууль, тогтоолын
төсөл боловсруулах, шийдвэр гаргахад идэвхтэй, бас тасралтгүй оролцож ажиллах
чиглэл барьсан. Зарим зүйлийг дурдаж ярихад, миний бие нэн ялангуяа боловсролын салбарт анхаарах үүргийг энэ намрын чуулганаас эхлэн хүлээсэн.
Үүнтэй холбоотойгоор бид өнгөрсөн 7 хоногт байнгын хороогоор тогтоолын төсөл
оруулж батлууллаа. Учир нь 2026 оныг Монгол Улсын Засгийн газраас “Боловсролын
хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. 2026 оны улсын төсвийг батлах үедээ бид
УИХ-ын чуулганаас энэ салбар луу чиглэсэн багш нарын цалин хөлсний асуудал,
тодорхой хөрөнгө оруулалтын асуудал зэрэг тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Энэ
нь чуулганаас гаргасан шийдвэр өмнө нь гаргасан шийдвэрүүдийн хэрэгжилтийг
хангахтай холбоотой нарийвчилсан тогтоолын төслийг бид бэлэн болгож шийдвэр
гаргуулсан.
-Боловсролын салбартай холбоотой ямар гол тулгамдсан асуудлууд байна вэ?
-Боловсролтой
холбоотой нэгдүгээрт бид нарын ярих юм бол Ерөнхий боловсролын сургууль,
Сургуулийн өмнөх боловсролын багш нарын мэргэжил дээшлүүлэх асуудалд онцгойлон
анхаарах ёстой. Багш нарын мэргэжлийг дээшлүүлнэ гэдэг бол тасралтгүй үйл
ажиллагаа. Жилээс жилд бидний боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлтэйгээ
уялдсан байдалтайгаар шинэчлэгдэж байгаа. Тэрийг дагаад сургалтын агуулга,
хөтөлбөр бас шинэчлэгдэж байгаа. Энийг дагасан байдлаар багш бэлтгэгдэх ёстой.
Багш бол хөгжиж байх ёстой. Тэгэхээр ирэх жилийн хувьд багшийн мэргэжил
дээшлүүлэх асуудалд онцгойлон анхаарахаар энэ тогтоолын төсөлд тусгасан. Энэ
тогтоолыг гаргахаас гадна хэрэгжилтэд анхаарч ажиллах болно. Би үүнд онцгойлон
анхаарч манай Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт бас тусгуулж байсан. 5
жилийн үндсэн чиглэл гаргахад мөн үүнийг тусгуулж байсан.
-Сургуулиудын хувьд ямар асуудлууд байна?
-Сургуулиудад
чухал зүйлүүд бий. Сургуулиуд өөртөө байгаа нөөц боломж, үүнд зохион
байгуулалт, хүний нөөц, санхүү болон бусад хөрөнгө мөнгөний нөөц зэргийг бүрэн
сайн удирдан авч явах тийм захирал, сургалтын менежерүүдийг мөн хамруулж,
зөвхөн багш нараа биш сургуулийн хувьд удирдах ажил хийж байгаа ажилтнуудыг чадавхжуулах, менежментийг сайжруулах чиглэлээр анхаарна гэсэн
зорилт оруулсан байгаа.
-Цаашид боловсролын салбарт анхаарах ямар
зүйлүүд байна?
-Бид ирэх
жилүүдэд анхаарах хоёр зүйл байгаа. 3 дугаар ангиас эхлээд англи хэлийг зааж
эхэлж байгаа, хөтөлбөрийн дагуу. Монгол Улсын хувьд бол монгол хүний боловсрол
эзэмших анхдагч гадаад хэл нь англи хэл гээд хуульчилсан. Үүний дагуу бэлтгэл хангагдаж байна. Ийм учраас англи хэлний сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг
сайжруулах, үр дүнтэй болгох чиглэлээр анхаарах тогтоолын төсөлд тухайлсан
заалт оруулсан. Үүний дагуу англи хэлний багш нарыг чадавхжуулах ёстой. Бид
багш нараа англи хэлний хичээлийг сайн заадаг болгож байж дараа нь багш нар
маань 3 дугаар ангиас эхлэн англи хэлний хичээлийн хөтөлбөрийн хувьд шат-шат,
түвшин-түвшиндээ англи хэлний тодорхой түвшний боловсролтой болж, тэр хэрээр
манай багш нарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ийм боломжийг дунд хугацаанд харж
байгаа учраас үүн дээр анхаарах асуудлыг тогтоолын төсөлд оруулсан. Сайдаас бид
байнга асуулга тавьдаг. Энэ жилд багтаагаад 300 англи хэлний
багшийг Филиппин улсад мэргэжил дээшлүүлэх юм байна. Мөн Английн Засгийн газрын болон АНУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр үндсэндээ 10 мянган англи хэлний
багшийг бэлтгэж, мэргэжил дээшлүүлнэ гэсэн ийм чиглэл барьж байгаа юм байна.
Тэгэхээр үүн дээр бас анхаарахаар тогтоолын төсөлд оруулсан. Сурах бичиг,
сургалтын хөтөлбөрүүд үүнтэй уялдсан байдлаар явна.
Нөгөө
нэг зүйл бол, бид маш хурдан технологийн өөрчлөлт хийж байна. Бид хиймэл оюун
ухааныг бүх түвшинд хэрэглээд эхэлчихсэн. Зарим нь үр дүнгээ өгч байхад зарим
нь хэрэглээний түвшин харилцан адилгүй байгаа юм. Тэгэхээр энэ хиймэл оюун
ухаантай холбоотой асуудлын агуулгыг сургалтын хөтөлбөрт шинээр оруулж өгөх
шаардлага бий болж байна. Хятадууд бол аль хэзээ оруулчихаад хиймэл оюун ухаан
ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт нь байгаад байна. Бид үүний бэлтгэлийг
хангуулж байгаа. Тогтоолд үүнийг тусгайлан тусгасан. Боловсролын яамнаас бидэнд
өгч байгаа мэдээллээр бол үүнтэй холбоотой судалгаа хийж байгаа юм байна. Үүнийг одоо хэрэгждэг мэдээллийн технологийн хичээлийн агуулга дотор
нэмэлтээр тусгаад хиймэл оюун ухааны хэрэглээг сургуулийн хөтөлбөрөөс эхлээд
бид хэрэглэдэг ийм түвшин рүү орох сургалт болгодог юм байна. Үүнийг дагаад
бас суралцагч нар маань бас мэдээлэл авах, хичээлээ илүү шинэ түвшинд хийх
боломжийг нээнэ гэсэн зүйл байгаа. Цалин хөлсний асуудлыг Засгийн газар үе
шаттай шийдэхээр УИХ-аас чиглэл аваад төсөв батлагдсан боловч бусад зүйлүүдээ
хаяж болохгүй гэдэг үүднээс ийм зүйлүүд хийж байна.
-Тогтоолд мэргэжлийн боловсролтой холбоотой
тусгагдсан ямар асуудлууд байна вэ?
-Тогтоолд мэргэжлийн боловсролын талаар тусгагдсан. Мэргэжлийн боловсрол бол манай улсын хувьд маш чухал. Учир нь өнөөдөр бид хөдөлмөрийн зах зээл дээр эрэлттэй ажиллах хүчний 70 хувь нь цэвэр техникийн болон мэргэжлийн боловсролын политехникийн коллежийн боловсролтой ийм ажиллах хүчнийг шаардаж байна. Үүнийг уялдсан байдлаар хууль батлагдаад, энэ салбарт шинэчлэлүүд болон хөрөнгө оруулалтууд хийгдээд, тодорхой хөтөлбөрүүд хэрэгжүүлээд үр дүнгээ өгч байна. Тэгэхээр үүнийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагатай.
Тэр битгий хэл, төр хувийн
хэвшилтэйгээ түншилсэн байдлаар мэргэжлийн боловсролын сургалтуудын чансааг
сайжруулах, дадлагын орчныг бий болгох, үйлдвэрлэлийн дадлага хийх чиглэлээр нь аль аль талдаа дэмжлэг үзүүлэх сайн санаачилгуудыг үргэлжлүүлэх чиглэлээр
ажиллаж байгаа. Үүнийг бас тогтоолд тусгасан. Мэргэжлийн боловсрол дээр тухайлсан байдлаар хувийн хэвшил мэргэжлийн боловсролын сургуулиудтай түншлэх
сайн туршлагуудыг улам дэлгэрүүлнэ гэж байгаа. Ажил олгогч өөрөө тэнд сурч
байгаа суралцагчийг дадлага хийлгээд түүнээс гадна ажлын байртай
болгох энэ сайн туршлага явж байгаа учраас үүнийг бид нар чухалчилж байна. Мэргэжлийн боловсролын суралцагчийн тоог нэмэгдүүлэх асуудал байгаа. Үүнээс 5
жилийн өмнө 36 мянган хүн суралцаж байсан бол өнөөдрийн байдлаар мэргэжлийн
боловсролын байгууллагад 45 мянган хүн суралцаж байна. Энэ нь сайн гэсэн үг
бөгөөд бидэнд сайн өөрчлөлтүүд бий болж байна. Мэргэжлийн боловсролын 69
байгууллага байна. МСҮТ, политехникийн коллеж. Үүнд бид нар онцгой анхаарч
ажиллана. ЕБС-д суралцаж байгаа төгсөгч нарт мэргэжлийн
боловсролын байгууллагын сургуулиудад суралцах, зөв мэргэжлээ сонгох тэр
чиглэлээр, жишээ нь өөрөө сонгож суралцаад маргааш ажилтай болгох чиглэлийн
өнгөрсөн хугацаанд хийсэн, цаашид хийх энэ ажлыг цааш нь үргэлжлүүлэх
чиглэлээр тогтоолын төсөлд бас тусгасан. Мэргэжлийн боловсрол бол манай
хөдөлмөрийн зах зээлийн ойрын хугацааны хамгийн чухал зорилт юм.
-Дээд боловсролын талаар?
-Дээд боловсролын байгууллагуудын талаар хамгийн том шүүмжлэл явж байгаа нь дээд боловсролд ер нь манай тодорхой хөтөлбөрүүд хөдөлмөрийн зах зээлтэй уялдаж байна уу, үгүй юу гэдэг асуудал бий. Бид өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын үр дүнгүүдийг үгүйсгэж болохгүй. Цаашид үргэлжлүүлэх ажлууд байгаа. Энэ нь юу вэ гэхээр хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжил, мэргэжлийн өөрийнх нь ур чадварт уялдсан байдлаар хөтөлбөрийн нэгдүгээрт шинээр бий болгох, нэг бол шинэчлэх, эсвэл бүхэлд нь өөрчлөх ийм ажлуудыг их, дээд сургуулиудад зайлшгүй хийх шаардлагатай байгаа юм. Үүн дээр ажиллана. Их, дээд сургуулиудын чансааг нэмэгдүүлэх, сайжруулахын тулд магадлан итгэмжлэлийг буюу хөтөлбөрийн магадлалыг зөвхөн үндэсний хэмжээнд хийдэг бол одоо олон улсын магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөртэй болгох энэ зам руу явна. Их, дээд сургуулиуд цаашдаа олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн тодорхой хөтөлбөртэй болох ёстой. Бид магадлан итгэмжлэлийг бид 5-6 жилээр авдаг, түүнд тохирсон байдлаар бүх юм бэлтгэгдэх ёстой. Ингээд ирэхээр бид нар давхар энэ олон улсын хөтөлбөрүүд дээр гадаадын их, дээд сургуулиудаас багш нар ирж хичээл заадаг тэр боломжийг нээх асуудлыг тогтоолын төсөлд тусгасан. Боловсролын зээлийн сан нь суралцаж байгаа хүнд л зээл олгодог, энэ санг боловсролын хөгжлийн сан болгох чиглэлийг барьж байгаа.
Боловсролын хөгжлийн сан болсон нөхцөлд тэндээс гадагшаа явж суралцах нь зээлээ авна, дотоодод суралцах нь ч зээл авна, тэтгэлгээ авна, нөгөөтээгүүр гадны сайн их, дээд сургуулиудаас тодорхой хөтөлбөр дээр багш нар авчраад ажиллуулах шаардлагатай зардлын санхүүжилтийг бас эндээс гаргадаг, үр дүнгээр нь манай их, дээд сургуулиудын хөтөлбөр өөрөө сайжирна гэсэн үг.
Жишээ нь, инженерийн янз бүрийн хөтөлбөрүүд байгаа, авто замын инженер гэхэд тэр
мэргэжилтнийг улирлаар ажиллуулж болно, сарын хугацаанд ажиллуулж болно, үүний
үр дүнд хөтөлбөр, сургалт сайжирна. Мөн олон улсын магадлан итгэмжлэгдсэн
хөтөлбөрт хамрагдагсад, суралцагчдын буюу хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаа
хүний чансаа сайжирна. Энэ зүйлийг бас их чухалчилсан байгаа. Бас үүнтэй
уялдуулж дээд боловсролын талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан байгаа. Тэр нь юу вэ гэхээр, тодорхой шинжлэх ухааны хөтөлбөрүүдийг
хэрэгжүүлж байгаа их, дээд сургуулиудын сургалтын 20 хувийг англи хэл дээр заах
асуудал. Жишээ нь чансаагаа сайжруулах зорилгыг хэрэгжүүлэхийн тулд Сингапураас
бид хоцорч болохгүй, Казахстантай бид өрсөлдөх ёстой гэдэг ч юм уу зорилтууд тавьж, ирэх жилийн хүрээнд хөтөлбөрүүдийн 10 хүртэлх хувийг нь англи
хэл дээр заах бэлтгэлийг хангаж, англи хэл дээр заах чиглэл гаргасан. Тэгэхээр
бид боловсролтой холбоотой зүйл дээр дэлхийгээс хоцрохгүй байхын төлөө л хичээх
ёстой. Тэгж байж бид энэ улс оронд хөгжлийн тухай, хүний хөгжлийн тухай, улс
орны хөгжлийн тухай ярих учраас миний голлож анхаарсан зүйлийг би өнөөдөр
онцгойлон ярьж байна.
-Та хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт
бас нэлээд хэдэн жил ажилласан. Энэ салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх
талаар УИХ, Засгийн газраас ямар ажлуудыг ойрын хугацаанд авч хэрэгжүүлэхээр байна?
-Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын салбарт би дэд сайдын албыг хашиж, эрх үүргийг хэрэгжүүлж
байлаа. Том салбар. Хийсэн ажлууд бий. Цаашдаа бас хийх ажлууд байгаа.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар нь хөдөлмөрийн харилцааг хариуцдаг,
хөдөлмөрлөлтийг хариуцдаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцдаг. Халамжтай
холбоод ярих юм бол хүн амын зайлшгүй халамж, тусламж шаардлагатай бүлэг рүү
чиглэсэн халамжийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэх асуудлыг
хариуцдаг, нийгмийн даатгалын хувьд бол эрсдэлт нөхцөлд орсон үед даатгалын санд даатгагдсан иргэдийн нийгмийн хамгааллыг хангах ёстой. Энэ бол
тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвараа алдах, жирэмсэн болон амаржсан үеийн,
ажилгүйдлийн үеийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал хамаарна. Тэгэхээр энд тодорхой
үр дүнгүүд гарсан тогтсон систем гэж ойлгох ёстой. Гэхдээ бас сорилт байгаа. Бидний хувьд бүгдийг нь нэг дор оруулаад явж чадахгүй нь ойлгомжтой
учраас ойрын хугацаанд миний онцгойлон анхаарч байгаа 2 чиглэл байгаа. Нэг нь
нийгмийн даатгалын багц хуультай уялдсан байдлаар энэ тогтолцоонд шинэ зүйл орж
ирэх ёстой, тэр нь хувийн нэмэлт даатгалын сангийн тухай хуулийг санаачилж батлуулахад
оролцох бодолтой байгаа. Энэ хууль бэлэн болсон байгаа. Нигмийн даатгалын
тогтолцоог төрөөс хариуцаж байгаа нэг сан байгаа шүү дээ, түүнээс гадна хувийн
нэмэлт даатгалын сангийн либеральчилалтай холбоотой энэ боломжийг нээж өгөх
ёстой байгаа юм. Тэгж байж нийгмийн даатгалын салбарын либеральчилалтай
зэрэгцсэн байдлаар нийгмийн даатгалын сангаар дамжуулж үзүүлдэг
үйлчилгээнүүдийг бас сонголттой, иргэдэд үр дүн, үр өгөөж нь илүү хүрдэг
боломжийг нээх хууль эрх зүйн шинэчлэл хийгдэх ёстой. Нөгөөтээгүүр нийгмийн
даатгалын өөрийнх нь тогтолцоотой холбоотой тэтгэвэр дээр их яригддаг зүйл,
тэтгэврийн энэ тогтолцооны асуудал дээр ахиад бид нар зарим зүйлийг эргэж харах
ёстой. Тэтгэвэр дээр бид нар энэ сангийн эрсдэлийг бууруулахтай
холбоотой асуудлыг анхаарах ёстой. Сангийн эрсдэлийг бууруулахтай холбоотой
засаглалын шинэчлэлүүд хийгдсэн үр дүнгүүд гарч байгаа. Гэхдээ одоо байгаа
тэтгэвэр тогтоолгохтой холбоотой зарим нэг ялгаатай хуулиудаар ялгаатай
зохицуулагдсан байдгийг бид эргэж харахгүй бол болохгүй. Энэ нь эрх тэгш байдлыг
бас алдагдуулдаг учраас үүн дээр параметрийн өөрчлөлтүүд хийгдэх ёстой. Энэ
бол тэтгэвэр тогтоолгохтой холбоотой жил, хугацаа, жишиг тэтгэвэр тогтоолгох
хувь, хугацаа үүнтэй холбоотой параметрийн өөрчлөлтүүд нарийн судалж тогтоох
ёстой. Ингэж байж сангийн эрсдэлийг бууруулах юм. Үүнд анхаарна.
Нөгөө нэг зүйл нь энэ тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийн зөрүүний асуудал
байгаа юм. Энэ нь 10 жилийн өмнө тэтгэвэр тогтоолгочихоод тодорхой хугацааны
дараа хүний тэтгэвэр ижил түвшинд ажил хийж байсан хүнээсээ маш ялгаатай
болчихож байгаа ийм нөхцөлүүд байгаа юм. Үүнийг өнгөрсөн хугацаанд миний дэд
сайд байх үед бид бас нэг тодорхой шийдвэр 9 жилийн дараа гаргаж байсан. Итгэлцүүр
ашиглах замаар тухайн оны тэтгэвэр тогтоолгох үеийн цалингийн үнэ цэнийг одоо
байгаа үед нь авчирч ахиж шинээр тооцоод тэтгэврийн үнэ цэнийг нь нэмэгдүүлж
байсан. Энэ нь нийт тэтгэвэр тогтоолгосон хүмүүсийн 1/3 дээр хийгдсэн шийдвэр юм. Цаашид үүнийг
нарийвчлан судалж, саяных шиг тэтгэвэр нь 10-15 жилийн дараа өөртэй нь ижилхэн
ажил хийж байгаад өнөөдөр тэтгэвэрт гарч байгаа хүнээс маш их зөрөөтэй болсон
энэ зөрөөг ойртуулах чиглэлийн шийдвэрийг гаргахад цаашид анхаарах ёстой учраас үүн дээр бас анхаарч ажиллана гэж бодож байгаа. Түүнээс гадна тэтгэвэр дээр бид өнөөдөр тэтгэврийн энэ хэмжээ
иргэдийн амьжиргаанд хүрч байна уу, хүрэхгүй байна уу гэдэг асуудлыг яриад
байна. Энэ бол одоо тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн зохицуулалт
нь инфляцын түвшинтэй уялдуулж нэмж байгаа. Ингээд нэмэхээр өндөр
тэтгэвэртэй хүнийх их нэмэгдээд, бага нь бага нэмэгдээд улам их зөрүү үүсдэг. Энэ
асуудлыг бид дахиж нарийвчлан судлаад бага тэтгэвэртэй хүний хувьд яг энэ инфляцтай
уялдсан байдлаар амьжиргаанд нь нөлөөлж болохуйц тэтгэврийг яаж тогтоох вэ гэдэг
асуудлыг дахин төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн захиргааны
байгууллагатай мөн мэргэжлийн байгууллагуудтай хамтарч судалж байж энэ
асуудлаар санал гаргах ёстой гэж ойлгож байгаа. Энэ чиглэлээр бид бас тодорхой
шийдвэрүүдийг ирэх жилүүдэд гаргах ёстой.
-Хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг
зохицуулах чиглэлээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Хөдөлмөрийн
аюулгүй байдлын асуудлаар бол бид тогтолцоог сайжруулах хуулийн төсөл оруулж
ирнэ. Хуулийн төсөл бол яаман дээр бэлэн болсон байгаа. Энэ хуулийн төслийг бид
УИХ-д шинээр оруулж ирж ХАБ-ын асуудлын тогтолцоог сайжруулах чиглэлээр шинэчлэлүүд
хийх ёстой. Үүн дээр бас идэвхийлнэ гэсэн бодолтой байна.
-Боловсрол, нийгмийн хамгааллын салбараас
гадна эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлууд их чухал. Эрүүл мэндийн
салбарын асуудлуудыг шийдвэрлэх, мөн эмч нарын хөгжлийг дэмжих талаар таны
баримталж байгаа бодлого, үзэл бодол, хийж хэрэгжүүлж байгаа ажлуудынхаа талаар
ярина уу?
-Эрүүл
мэндийн даатгалын тогтолцооны асуудлууд өнөөдөр бид бүгдийн байнгын
ярианы сэдэв боллоо. Яагаад гэвэл бид өөрөө үйлчилгээ авахаар очиход асуудалтай
тулгардаг болчихоод байна. Тэгэхээр эрүүл мэндийн даатгал өнгөрсөн
жилүүдэд байнга алдагдалтай буюу төсөвт их том ачаалал үүсгэсэн байдлаар, ахиж
тэр алдагдлыг нь нөхсөн ийм шийдвэрүүд гаргалаа. Даатгалын тогтолцоо юм чинь даатгалын
тогтолцоо өөрөө өөрийгөө аваад л явах ёстой. Энэ бол эрсдэлийн даатгалын
тогтолцоо шүү дээ. Энэ даатгалын тогтолцоог дахиж бид эргэж харахгүй бол болохгүй
болчихоод байгаа. Энд менежменттэй байгаа зүйлүүд бол байна. энэ даатгалын
тогтолцооны менежментийн асуудлаар УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын
байнгын хороон дээр бас энэ асуудлын судалж санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг
байгуулагдсан. Би тус байнгын хорооны гишүүний хувиар ажлын хэсэгт орчихсон
байгаа. Ажлын хэсгийн хүрээнд бид хурлаа хийж, даатгалын сангийн асуудлыг ярьж
байгаа. Энэ даатгалын тогтолцоо өөрөө манай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний
тогтолцоотой хэр уялдаж байгаа юм, хаана нь ажиллаж хаана ажиллахгүй байгаа
гэдгийг нарийн тогтоож байж дараагийн шийдвэрүүдийг гаргахаас өөр аргагүй.
Өнөөдөр зарим эмнэлгүүд гүйцэтгэлээрээ санхүүжээд, санхүүжилтээ аваад болоод
байдаг, гэтэл зарим дээр нь гүйцэтгэлээр санхүүжилт авах боловжгүй ийм нөхцөлүүд
байна. Жишээ нь багийн эмч бол бүх юмыг гүйцэтгэлээрээ аваад байх боломж
угаасаа байхгүй. Харин тусламж, үйлчилгээгээ үзүүлэх ёстой. Гэтэл энд дараагийн
шатлалын эмнэлгүүдэд бол хүссэн хүсээгүй гүйцэтгэлийн санхүүжилтийн хэлбэрүүд
байх жишээний. Тодорхой өвчлөлүүдээс шалтгаалаад гүйцэтгэлээр санхүүжих,
санхүүжихгүй юмнууд байна. Нөгөө талдаа гүйцэтгэлээр санхүүжихээс гадна
даатгалын сангаас санхүүжүүлэх, санхүүжүүлэхгүй юмнууд байна. Манайд бол
эмнэлэгт очоод хэвтээд байдаг. Энэ бол нэгдүгээр асуудал биш гэж үзэж
байгаа. Үнэхээрийн тэр хүн эрсдэлтэй байх юм бол нэгдүгээрт амбулаториороо
эмчилгээгээ хийлгээд аль болох сангийн эрсдэлийг багасгах байдлаар тэр хүнд
эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх. Гарцаагүй эмнэлэгт хэвтэх ёстой байх юм бол тэр үйлчилгээг тэндээс үзүүлэх ийм зүйлүүдийг бид нар зөв хийгээгүйгээс болоод
эмнэлэгт хэвтээд байхаар тэнд их зардал гараад, нөгөө талдаа амбулаториор
үзүүлэх хүмүүс үйлчилгээ авч чадахгүй саяны сангаас санхүүжилт гарч чадахгүй,
өөр газар үйлчилгээ үзүүлэхгүй байх ийм байдал үүссэн гэдэг ойлголттой байгаа,
иргэд ч гэсэн тийм ойлголттой байна. Энэ тогтолцоог дахиж эргэн харна гэсэн үг.
-Та хувь гишүүнийхээ хувиар
эрүүл мэндийн салбарт ямар санаачилга гаргаж байна?
-Би эрүүл
мэндийн салбарын хүний нөөцийн чиглэлээр, тодорхой өвчлөлийг Монгол Улсад эдгээх
чиглэлээр бас санаачилга гарган ажиллаж байгаа. Монгол-Туркийн парламентын
бүлгийн даргын хувиар би Турк улс бол анагаах ухааны салбар өндөр хөгжсөн улсын
нэг учраас тэндхийн эмнэлгүүдтэй манай Эрүүл мэндийн яам, анагаах ухааны
байгууллагуудыг холбож тодорхой ажлууд санаачлан хийж, үр дүнд хүрч байна. Турк
улсын Медикал парк гэдэг эмнэлэгтэй би 2 жилийн өмнөөс холбоотой байж энэ
хугацаанд Монгол Улсын эмч нарыг аваачиж мэргэжил дээшлүүлэх, 12 эмч хүүхдийн
болон цусны хорт хавдрын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн, сая Баян-Өлгий
аймгийн 27 эмчийг зүрх судасны чиглэлээр 3 сарын хугацаатай цахим
сургалтад хамруулсан. Энэ ажлыг цаашаа үргэлжлүүлнэ. Хүний
нөөцийг л бид нар бэхжүүлж байвал сайн. Яг одоо үүнтэй зэрэгцсэн байдлаар
Монгол Улсад анх удаа цусны хорт хавдартай хүүхдийн чөмөг шилжүүлэх хагалгааг хийх гэж байна. Үүний бэлтгэлийг нэг жил зургаан сар хангасан. Саяны Медикал
парк эмнэлгийнхэн үүнийг Монгол Улсад анх удаа ЭХЭМҮТ,
Нэгдүгээр эмнэлэгтэй хамтран хийх гээд бэлтгэл хангаж байна. Цаашдаа
ийм цусны хавдартай хүүхдүүд маань гадаадад очиж өндөр үнэтэй эмчлүүлэх биш,
өөрийнхөө улсад аль болох эрүүл мэндийн даатгалынхаа тогтолцоогоор дамжуулсан
байдлаар бага зардлаар эмчлүүлэх ийм боломжийг бид эрэлхийлэх ёстой. Эрүүл
мэндийн салбарт 13 тийм баг гарчихсан байгаа гэдэг мэдээлэлтэй байгаа. 13
төрлийн чиглэлээр эмчилгээг Монголдоо хийх талаар эмч нараа бэлдэж байгаа. Бид
хүний нөөцөө л их сайн анхаарах хэрэгтэй. Хүний нөөцөө сайн анхаарч бэлдэж
байж, техник хэрэгсэл, бусад төрлийн зүйлүүдийг яваандаа тодорхой
тогтолцоогоороо шийдэх байх. Хүн нь бэлэн байж, хүмүүсээ чадавхжуулсан байж
эмч нарын ч бай, багш нарын ч бай тогтолцоогоо сайн үр дүнтэй
ажиллуулах боломжтой гэдэг үүднээс асуудалд хандаж байгаа.
-Таны хувьд багш судлаач, эрдэмтэн хүн.
Харин сүүлийн жилүүдэд төрийн, улс төрийн ажил алба хашаад эрдэм шинжилгээ,
судалгааныхаа ажлаас хөндийрсөн үү. Эсвэл эрдэм шинжилгээнийхээ ажлыг хийж
байгаа бол ямар судалгаанууд хийж байгаа талаараа сонирхуулбал?
-Миний бие
өмнө нь багш, судлаач байсан шигээ эрдэм шинжилгээний ажлыг тухайлан хийж
чадахгүй байгаа. Тийм боломж ч хязгаартай юм байна. Гэхдээ хууль тогтоох
процесс тэр чигээрээ судалгаа шүү дээ. Өмнөх дэд сайдын ажил ч гэсэн тэр
чигээрээ салбарын судалгаа байсан, хууль боловсруулах, бодлогын шийдвэрүүд
гаргах гээд. Тийм учраас би өнөөдөр мөн ялгаагүй судалгаа хийж байгаа гэж хэлж
болно. Жишээ нь миний урд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга байж
байна. Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг намайг дэд сайд байх үед Хууль зүй,
дотоод хэргийн яам тухайн үеийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хамтарсан
ажлын хэсэг гараад боловсруулж байсан. Дэд ажлын хэсгийг би ахалж байсан. Үүн дээр маш их судалгаа хийж байсан. Тэгэхээр би одоо энэ гэр бүлийн
харилцаатай холбоотой шинэ зүйлүүдийг яаж зохицуулах уу, гэр бүлийн гишүүдийн
өмчийн эрх гэх мэтчилэнгээр бүх зүйлийг судалж байсан. Одоо ингээд УИХ-ын
гишүүд ямар нэгэн байдлаар хууль тогтоох ажилд оролцохоороо
судалгаа хүссэн хүсээгүй хийдэг юм байна. Судалгаа хийж байж асуудал руугаа
орно. Саяны би эрүүл мэндийн тогтолцооны асуудлыг ярьж байна, боловсролын
салбарын ялангуяа боловсролын салбарын тухайлсан шинэ салбаруудыг ярьж байна,
энэ бүх юм судалгаанд суурилж байгаа. Энэ судалгаа бол тухайлсан бүтээл
гаргахгүй ч гэсэн судалгааныхаа арга зүйг ашиглан байнга судалж байж энэ хууль
тогтоох үйл явцад оролцож байгаа. Түүнээс биш аливаа асуудалд аман яриа, эсвэл популист байдлаар хандах нь шийдвэр биш. Шийдвэр гаргасан байлаа гэхэд энэ нь
хортой шийдвэр болно гэдэг ойлголттой. Манай УИХ-ын дэргэд бас судалгааны
хүрээлэн байдаг. Бид тэр хүрээлэнгээр бас судалгаа хийлгүүлдэг. Судалж,
харьцуулж, улс орныхоо нөхцөл байдалд тулгуурлаж шийдвэр гаргаж байх хэрэгтэй.
-Та эрдэмтэн, төрийн зүтгэлтний хувьд
ирээдүй хойч үе хүүхдүүд, залуучууд, оюутнуудад хандаж өөрсдийгөө хөгжүүлэх
талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Мэдээж хүний хөгжлийг хангах тодорхой байгууллагууд байна. Сургууль бол хүний
хөгжлийг хангах гол зохион байгуулалтын хэлбэр шүү дээ. ЕБС-иудад суралцах явцдаа тодорхой хөтөлбөрөөр өөрийнхөө хөгжлийг хангах үйл ажиллагаанд хамрагдаж байгаа. Гэхдээ энэ хүний хөгжлийн асуудал гэдэг бол багшид даатгаад
үлдээдэг зүйл ерөөсөө биш, эцэг эх бас үүрэг хүлээнэ. Эцэг эх ямар
түвшний боловсролтой байхаас үл хамаараад хүүхдэд ер нь сахилга, хүмүүжил, ёс
суртахууны болон эх оронч хүмүүжил зэрэг хөгжлийг олгох талаар эцэг эхчүүд онцгойлон
анхаарах ёстой. Сургуулиуд мэдээж хэрэг үүнд анхаарна. Мөн хүүхдүүд,
сурагчид, оюутан залуучууд өөрсдөө би нийгмийн ямар үнэт зүйлтэй байх вэ,
нийгмийн нэг гишүүн, Монгол улсын нэг иргэний хувьд цаашдаа эх оронч
сэтгэлгээтэй, ёс суртахуунтай хүн байхын тулд яах уу гэдэг зүйл байна. Бие биенээсээ
суралцах мөн шаардлагатай. Цаашлаад сүүлийн үед гарч байгаа хүүхдүүд бие биенээ
дээрэлхдэг үе тэнгийнхний дээрэлхэлтийн асуудал бас газар авч байгаа. Үүнтэй
холбоотойгоор бие биенээ дээрэлхэнэ гэдэг бол хүний ёсны хувьд байж болохгүй
зүйл гэдгийг эцэг эх нь хэлдэг, хүүхдүүд бие биедээ хэлдэг, хөндлөнгөөс харсан
иргэн ч гэсэн хэлдэг нийгмийн хамтарсан хүмүүжилд л анхаарах ёстой. Ингэж байж
бид сайн, ёс суртахуунтай, хэм хэмжээгээ мэддэг, үнэт зүйлтэй, эх оронч үзэлтэй
хүн төлөвшүүлэхийн төлөө байх юм бол бусад тэр албан боловсролоор олдог
зүйлүүдийг сургуулийн байгууллага өөрсдөө хийгээд явчих хэмжээний систем манайд
байгаа гэж би үзэж байгаа. Үүн дээр бүх талаар, хэвлэл мэдээлэл тодорхой
түвшинд анхаарах ёстой.
-Сүүлийн жилүүдэд манай нийгэмд дутагдаж
байгаа нэг зүйл бол соён гэгээрлийн асуудал. Нийгмийг, иргэдийг соён
гэгээрүүлэх талаар төр засгаас гадна иргэд өөрсдөө болон иргэний нийгмийн
байгууллагууд санаачилгууд гаргах хэрэгтэй байх. Энэ талаарх таны үзэл бодол?
-Соён
гэгээрүүлнэ гэдэг бол мэдээж хэрэг тасралтгүй хийгддэг зүйл юм билээ. Бид
хуучин ийм зүйлийг ярихаар энэ чинь төвлөрсөн төлөвлөгөөтэй, эсвэл тоталитар
дэглэмтэй ямар нэгэн улс оронд л энэ соён гэгээрүүлэх зүйл байдаг юм гэж хэлдэг
байсан. Гэтэл тийм биш. АНУ бол дэлхийн хамгийн ардчилсан улс. Америкт ардчиллын үнэт зүйлийг бол байнга иргэддээ хүргэх соён гэгээрүүлэх ажлыг хийдэг. Үүнийг уран сайхны киногоор дамжуулаад хийчихдэг, та бүхэн харах юм
болбол. Ерөнхийлөгч нь аль нэг газар очоод иргэд олон нийтэд үг хэлж байвал
зааюал тэрийгээ хэлж байдаг. Энэ бол соён гэгээрэл явж байгаа. Хэвлэл
мэдээллийн хэрэгслээр явагдаж байгаа мэдээллүүд дотор заавал соён гэгээрлийн
зүйлүүд явагдаж байдаг. Дор дор нь хариуцах зүйл гэж бий. Тухайлбал хөдөө
суманд очлоо гэж бодоход сумын хурлын төлөөлөгч иргэд дундаасаа сонгогдсон
тодорхой боловсролтой, нийгмийн өмнө хүлээн зөвшөөрөгдсөн. Тэр төлөөлөгч зөвхөн
хуралд суудаг хязгаарлагдмал ойлголттой байж болохгүй. Тухайн орон нутагтаа
хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, ойлгуулах ажлыг тэд
нар хийдэг. Энэ талаас нь аваад үзвэл хурлын төлөөлөгч энд соён гэгээрүүлэх
ажил хийж байгаа юм. Жишээ нь гудамж талбайгаа цэвэр цэмцгэр байлгахад иргэд,
ИТХ-ын төлөөлөгчид болон иргэдийн нийтийн хурлын дарга, багийн засаг дарга
хамтраад анхаарахын хажуугаар бие биедээ хандсан нийгмийн хэм хэмжээг сахих
талаар соён гэгээрлийн ажлууд явуулах шаардлагатай. Гэх зэргээр нийгмийн бүх
салбарт соён гэгээрлийн асуудал байгаа гэсэн үг. Малчидтай холбоотой ярихад, тэд нартай холбоотой маш олон хөтөлбөр байдаг. Малжуулах төсөл, бусад малчдын
нийгмийн хамгааллын асуудалтай холбоотой. Үүнтэй холбоотой мэдээллийг мөн тэнд
байгаа засаг захиргааныхан, түүнээс гадна холбогдох ажил хариуцсан хүмүүс дээр
нь хурлын төлөөлөгч нар бас байнга хийж байх ёстой гэсэн үг. Их Хурлын гишүүд
тодорхой хугацаанд орон нутгаар ажилладаг. Тэр хугацаанд бид иргэдийн асууж
байгаа зүйлийн 15-20 хувийг нь мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх байдлаар
хийчихээр зүйлүүд байдаг. Асуудлыг тогтолцооны хүрээнд шийдэхээс гадна мэдээлэл
хүргээд соён гэгээрүүлэх зүйлүүд байдаг. Энэ талаас нь аваад үзэх юм бол соён
гэгээрүүлэх ажил бол аль ч нийгмийн хамгийн чухал нийгмийн инженерчлэлийн арга
хэрэгсэл юм.
-Ярилцсанд баярлалаа.
Ulaanbaatar