БАЯН-ӨЛГИЙ: А.Биржан кураш бөхийн залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Казань хотод зохион байгуулагдсан кураш бөхийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Үндэсний Батлан Хамгаалахын Их сургууль /ҮБХИС/-ийн хоёрдугаар дамжааны оюутан Аубакирийн Биржан эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.
А.Биржан нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч байхаасаа эхлэн жүдо, самбо, кураш бөхөөр долоон жил тууштай хичээллэж, улс, олон улсын хэмжээний тэмцээнүүдэд
амжилттай оролцож, жүдо бөхийн спортын нэгдүгээр зэргийн болзол хангасан байна.
Тэрбээр 2022 оны жүдо бөхийн улсын
аварга шалгаруулах тэмцээнд 44 кг жинд хоёрдугаар байр, хүрэл медаль
хүртэж Баян-Өлгий аймгийн түүхэнд жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн анхны
эмэгтэй тамирчин болжээ.
А.Биржаны амжилтуудаас дурдвал, жүдо бөхийн аймгийн болон баруун бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдээс нэгдүгээр байр, 2022 онд улсын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээнд хоёрдугаар байр, Бүгд Найрамдах Казахстан Улсад зохион байгуулагдсан “Казак курес” олон улсын тэмцээнд нэгдүгээр байр, 2024, 2025 оны бүстэй бөхийн Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байр, 2025 оны бүстэй бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний тэргүүн байрт шалгарч байжээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн Алдар” гардан тулааны олон улсын аварга шалгаруулах тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн олон амжилтын эзэн, өсөх ирээдүйтэй залуу тамирчин юм.


Ulaanbaatar