ДУНДГОВЬ: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд санал авав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-25 17:07:54
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г орон нутагт танилцуулж, санал авах хэлэлцүүлгийг өнөөдөр Мандалговь хотноо зохион байгуулж, 25 хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн орон нутагт аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖГ хамтран зохион байгуулав. 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох, үндэсний чадавхыг бэхжүүлэх” (NAP) төслийг 2019 оноос хэрэгжүүлж буй.

Энэхүү төсөл нь монгол орны экосистем, эдийн засгийн салбарууд цаг агаар, уур амьсгалын нөхцөлөөс шууд хараат, уур амьсгалын аливаа өөрчлөлтөд маш эмзэг, өртөмтгий байдаг тул нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн салбарууд ялангуяа хөдөө аж ахуй, ой, ус, нийгмийн эрүүл мэндийн салбарт учирч болох сөрөг нөлөөлөл, эрсдлийг багасгах, өөрчлөлтөд ухаалгаар дасан зохицоход чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх зорилготой юм.

Төслийн хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө”-г боловсруулж байгаа ба тус төслийн зөвлөх баг уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдлын судалгаа, төлөвлөгөөний төслийг аймаг бүрд нарийвчлан танилцуулж, түүнд дасан зохицох орон нутгийн онцлогийг тусгахаар ийнхүү хэлэлцүүлэг зохион байгуулж байна.



Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос бэлчээрийн даац хэтэрсэн тул малын сүргийн бүтцэд анхаарч, тооноос чанарыг илүү авч үзэх, малчдыг хариуцлагажуулж, “Шилдэг малчин” шалгаруулах үнэлгээний шалгуурт байгалиа хамгаалах, нөхөн сэргээхэд санаачилгатай ажиллаж байгаа байдлыг нь оруулах, малын мах экспортлохыг дэмжих, хил орчмын нутаг дэвсгэрт гарах тарваган тахал, түүнтэй хам тохиолдох халдварт өвчин, бор хархны тархалтыг зогсоох, малчдад мэдээлэл тогтмол өгдөг байх зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусгуулах  санал, зөвлөмж хэллээ.

Төлөвлөгөөг Уур амьсгалын үндэсний хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа ажээ. 

Related news