ДУНДГОВЬ: Цагдаагийн алба, Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл илэрхийлэх ёслолын ажиллагаа болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-18 16:54:16
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Сүхбаатарын одонт, Байлдааны гавьяаны болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Цагдаагийн алба, Дотоодын цэргийн байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслол өнөөдөр Мандалговь хотноо  боллоо.



Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар албаны үйл ажиллагааг сурталчлах, алба хаагчдын албандаа итгэх итгэл, албаараа бахархах, урам зоригийг сэргээх, өсвөр үе, хүүхэд залуучуудад тусгаар тогтнол, үндэсний эв нэгдэл, эрх чөлөөний үнэ цэнийг ойлгуулах, түүх соёлоо хайрлан хамгаалах, эх оронч иргэнийг төлөвшүүлэх зорилгоор Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын бахархал, үнэт зүйл болсон Цагдаагийн албаны болон Дотоодын цэргийн байлдааны тугийг 21 аймгаар тойрон аялуулж цэнгүүлэх, хүндэтгэл үзүүлэх, цагдаагийн тангараг давтах ёслолын үйл ажиллагааг ийнхүү зохион байгуулж байгаа юм.



Ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүн, Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Ц.Ариунболд, аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр, аймгийн ЗДТГ-ын хууль зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан, Цагдаа, Прокурор, ОБГ, ШШГГ, ШШХ-ийн удирдлага, алба хаагчид, Цагдаагийн газрын ахмадууд, Дөл тоглолтод оролцсон сурагчид, иргэд оролцлоо.  



Энэ үеэр Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойн “Хүндэт медаль”-иар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга С.Од-Эрдэнэ нарыг шагнаж, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолт үзүүлжээ.







Related news