БАЯН-ӨЛГИЙ: Х.Бахыт: Аймаг төмсний хэрэгцээгээ 90-100 хувь дотооддоо хангах төлөвлөгөөтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-04-17 10:27:21

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг энэ жилийн газар тариалангийн төлөвлөгөө, тухайн салбарт хийхээр төлөвлөж буй ажлуудын талаар  Газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахытаас тодрууллаа.


-Баян-Өлгий аймаг энэ жил хэчнээн га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна?

-Аймгийн Засаг даргын захирамжаар 2023 оны газар тариалангийн төлөвлөгөөг баталсан. Энэ жил нийтдээ 1366 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байна. Үүнээс 340 га-д төмс, 158 га-д хүнсний ногоо, 106 га-д жимс, жимсгэнэ, 762 га-д малын тэжээл тус тус тариалж, 6256 тонн ургац хурааж авахаар тооцоолсон. Ирэх сарын эхээр тариалалтын ажил эхэлнэ.

 

-Аймгийн төмс, хүнсний ногооны хэдэн хувийг дотооддоо хангана гэж тооцож байгаа вэ?

-Төмсний хэрэгцээг 90-100 хувь, хүнсний ногооны 20-25, жимс, жимсгэнийн 1,5-2 хувийг тус тус дотооддоо хангах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна.

 

-Тус аймгийн газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр хийж байгаа томоохон ажлуудын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Газар тариаланг хөгжүүлэхэд төр засаг, орон нутгаас анхаарал тавин ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сан хамтран хэрэгжүүлж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд Баяннуур суманд 160 га талбай бүхий Цул улаан, Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх ажил явж байгаа. Одоогийн байдлаар гүйцэтгэл нь 60 хувьтай байна. Услалтын системийн ажил дууссаны дараа сум тус бүрд 10-аас доошгүй гишүүнтэй ногоочдын бүлэг байгуулж, тэдгээрийг усны хэмнэлттэй усалгааны тоног төхөөрөмж болон уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хүнсний ногооны үрээр хангах юм.

 

-Тухайн төсөл хэрэгжсэнээр газар тариалангийн салбарт ямар ахиц дэвшил гарах вэ?

-Усалгаатай тариалан эрхлэх нөхцөл бүрдэж, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, тэжээлийн ургамлын тариалалт өнөөгийн түвшнээс 12 хувиар нэмэгдэнэ гэж тооцож байгаа.

 

-Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Үүнд газар тариалан эрхлэгчид хамрагдаж чадаж байна уу?

-Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас өнгөрсөн онд тус аймагт 240 мкв талбай бүхий өвлийн хүлэмж байгуулах төсөлд 90 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. Зээл авсан аж ахуйн нэгж нь одоо холбогдох ажлуудаа хийж байна. Энэ жилийн хувьд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдээс хөнгөлөлттэй зээл хүссэн 500 сая гаруй төгрөгийн төслийг хүлээн аваад байгаа. Удахгүй сонгон шалгаруулах ажлыг зохих хууль журмын дагуу зохион байгуулах болно.

- Мэдээлэл өгсөнд баярлалаа.

Related news