ДУНДГОВЬ: Өрх бүрд угийн бичиг хөтлүүлэх ажлыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-14 16:46:14
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. Угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн ажлын баг хуралдаж, сумдад ажлын хэсэг байгуулах, угийн бичиг хөтлүүлэх ажлыг эрчимжүүлэх шийдвэр гаргав.

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 257 дугаар тогтоолоор “Угийн бичиг хөтлөх журам”-ыг баталж, тус журамд “аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга  харьяа нутаг дэвсгэрийн нийт өрхийн хэмжээнд өрх бүрийг угийн бичиг хөтлүүлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэг хүлээнэ” хэмээн заасан.

Энэхүү журмын хүрээнд аймгийн Засаг даргын 2022 оны А/439 тоот захирамж гарч, “Угийн бичиг хөтлүүлэх ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг”-ийг шинэчлэн томилсон байна.

Угийн бичиг хөтлөх нь ураг төрөл ойртсон гэрлэлтээс зайлсхийх, удам угсаагаа хамгаалж, эрүүл байлгах, түүнчлэн тусгаар тогтнолоо хамгаалах ач холбогдолтой.

Тиймээс дээрх хуралдаанаас сумдад ажлын хэсэг байгуулж, сургалт зохион байгуулах, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг хүн бүрд сайтар ойлгуулах, идэвхжүүлэх, өрх бүрд угийн бичиг хөтлүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар чиглэл өгөхөөр болжээ.

Related news