СЭЛЭНГЭ: Боомтын сэргэлтээр Сэлэнгэ аймаг 2 талдаа ОХУ руу гарцтай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Боомтын сэргэлтийн талаар аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж: ”Алтанбулаг боомтын ажил эхлээд явж байгаа. Энэ боомтын барилгын ажил 10 дугаар сард дуусч ашиглалтад орно. Одоо бид хурдлуулах үүднээс ажлыг нь шахна.
Мөн дээр нь Түшигийн боомтыг нээх асуудал байгаа. Боомтын
сайд 4 дүгээр сард ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад ажлын айлчлал хийнэ. Тэгэхээр тодорхой
болно. Боомтын сэргэлтээр Сэлэнгэ аймаг 2 талдаа ОХУ руу гарцтай болно” гэв.
"Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжих төслүүдийг эрчимжүүлж, хилийн боомтуудын нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 6 боомтод бүтээн байгуулалтын ажил хийж байгаагийн нэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтууд юм.
Алтанбулаг боомтод Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй
"Гаалийн шинэчлэл"-ийн хүрээнд хийж буй Сэлэнгэ
аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтыг
олон улсын жишигт нийцүүлэн өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх бүтээн
байгуулалт байгаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажил 2019 оны 9 дүгээр сард эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна.
Дээрх ажлыг Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан
Зээлийн гэрээний дагуу хэрэгжүүлж, “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн
төсөл”-ийн хүрээнд гүйцэтгэж байна.
Алтанбулаг АЗШНБ-ын хувьд 13.6 сая ам.доллар буюу 36.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18,
дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6.000 м.кв ногоон байгууламж, тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7 км урттай авто зам, 7.000 м.кв авто зогсоол, 30.000 м.кв зам талбай барихаар төсөвлөсөн байдаг.
Бүтээн байгуулалтын эдгээр ажлуудыг 2 үе шаттай
хийхээр төлөвлөсөн. Үүнд эхний ээлжид тусгаарлах зурвас бүхий 4 эгнээ 1.7
км урттай авто зам, авто зогсоол барьж байгуулах ажил одоогоор эхлээд дуусах шатандаа явж байна.
Боомтын барилга байгууламжийн өргөтгөл шинэчлэл,
инженерийн шугам сүлжээ барьж байгуулах 2 дахь шатны ажлыг 2020 оны эхний
улиралд эхлүүлж, боомтын шинэчлэлийг 2021 онд бүрэн хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй эхэлсэн боловч ковидын цар
тахлын нөлөө, бараа материалын үнийн өсөлт зэргээс шалтгаалан өнөөдрийг хүртэл
удаашралтай явж иржээ.
Боомтод хийж байгаа бүтээн байгуулалтын
хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр
шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий
тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын
рентген, тоног төхөөрөмжүүдийг суурилуулах юм.
Алтанбулаг боомтоор нийт зорчигчийн 14.5 хувь, тээврийн хэрэгслийн 16 хувь нэвтэрдэг боловч барилга байгууламж, дэд бүтэц нь өсөн нэмэгдэж
буй хэрэгцээ шаардлагыг хангахгүй, ачааллаа дийлэхгүйгээс зорчигч, ачаа тээвэр
хилээр нэвтрэхэд олон төрлийн хүндрэл гардаг аж.
Иймээс боомтын шинэчлэлийн үр дүнд Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн
тоо 3 дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо тус бүр 4 дахин
нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая
тухтай үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Ингэснээр Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн хөгжилд ч томоохон нөлөө үзүүлэх аж.
Алтанбулаг хилийн боомтын барилга байгууламжийн
өргөтгөл, шинэчлэлийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Монкон констракшн” ХХК
ажиллаж байгаа бол туслан гүйцэтгэгчээр “Цэлмэг очир констракшн” ХХК, “Хан
Халдун” ХХК, “Хайберид” ХХК компани ажиллаж байна.
Харин Сүхбаатар хилийн боомтын хувьд 1.7 сая ам.доллар буюу 4.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хил, гаалийн байгууллагын 3600м2 талбай бүхий 6 давхар, нэг цэгийн үйлчилгээний цогцолборыг байгуулах ажил бүрэн дуусжээ.
Энэхүү цогцолборыг барьж байгуулснаар хилийн хяналтын байгууллагуудын ажлын
уялдаа холбоо сайжирч, нэг цэгийн үйлчилгээнд шилжин ажиллах аж. Ингэснээр бизнес эрхлэгчид гадаад худалдаанд шаардагдах
мэдээлэл, баримт бичгийг нэг цонхны үйлчилгээгээр авах, бүрдүүлэх боломж бүрэн бүрдэж байгаа юм.
Ингэж нэг цэгийн үйлчилгээнд шилжсэнээр гадаад худалдаа эрхлэхэд зарцуулах цаг хугацаа,
зардал 30-аас доошгүй хувиар буурах аж.