СЭЛЭНГЭ: Мандал сум өөр аймаг, сумаас малтай өрх хүлээн авахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-04-06 09:55:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум өөр аймаг, сумаас малтай өрх хүлээн авахгүй сум болно гэдгээ зарлаад байна.

Тус сумын удирдлагын баг энэ сарын 8-ны өдөр сумын “Малчдын зөвлөгөөн-2023” үйл ажиллагаагаа зохион байгуулах тов гаргажээ.

Өндөр ашиг шимт, эрүүл мал-Эрдэнэ” уриатай энэ удаагийн зөвлөгөөн уулзалтыг хөдөөгийн малчдаа оролцох боломжийг хангах үүднээс амралтын өдрийг сонгосон байна.

2022 оны жилийн эцсээр Мандал сум нийт 122579 толгой мал тоолуулжээ. Энэ нь өнгөрсөн жилүүдээс өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Тус сумын хувьд бэлчээрийн даац 7 дахин хэтэрсэн байна. Энэ байдал нь нутаг орны төдийгүй малчдад хамгийн тулгамдсан асуудлын нэг болжээ.  

Мандал сумын Засаг даргын зүгээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулан, гадны аймаг, сумаас малтай өрх хүлээн авахгүй байх. Мөн өндөр ашиг шимт үүлдэр угсаа сайтай малыг өсгөн үржүүлэх бодлого барин ажиллах шийдвэрийг гарган ажиллаж байгаа ажээ.

Иймээс энэ удаагийн малчдын зөвлөгөөн уулзалтад багийн Засаг дарга нарын гаргасан судалгааг үндэслэн баг тус бүрээс тодорхой тооны малчдыг оролцуулахаар шийдвэрлэсэн байна.

Related news