О.Цогтгэрэл: Сонгуулийн тогтолцоо холимог байж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүнийг сонгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Тэрбээр энэ талаарх танилцуулгадаа, одоогийн мөрдөгдөж буй УИХ-ын сонгуулийн тухай хуулиар аль нэг хүйсийн доод хэмжээ 20 хувьтай байгаа боловч сонгуулийн үр дүнгээр 20 хүрэхгүй гишүүд сонгогддог практик бий. Иймд хүйсийн квот дээр үр дүнтэй уялдах схемийг бүрдүүлэх шаардлага байна. Мөн сонгуулийг шударгаар явуулах нөхцөлийг бүрдүүлэх нь сонгуулийн тогтолцоог зөв сонгохоос дутуугүй ач холбогдолтой. Иймд энэхүү төслөөр сонгуулийг шударгаар зохион байгуулахтай холбоотой зохицуулалтыг дараах байдлаар тусгалаа гэв. Үүнд:
-Сонгуулийн тогтолцоог холимог байхаар хуульчилж, тойргоос 48, жагсаалтаар 28 хүн сонгох,
-Жагсаалт хуваарилахад улс нэг гэдэг зарчим барих,
-48 мандатыг тойрог хуваах зарчмаар хуульд тусгаж өгсөн, өмнөх 12.2 дугаар зүйлийг энэ зарчимд нийцүүлж, өөрчлөн найруулав. Тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигч явах ба нийт сонгогчийн 28 хувиас доош санал авсан тохиолдолд дахин санал хураалт явуулах,
-Нэр дэвшүүлэх зарчим хэвээр байх,
-Тойрогт болон жагсаалтад зэрэг нэр дэвшихийг хориглох,
-Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчдийн 40-өөс доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байх,
-Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
-Жагсаалт нээлттэй байх,
-Жагсаалтаар нэр дэвшсэн нам, эвслийн сонгуулийн дүн гаргах, суудал хуваарилах зарчмыг нам эвсэл 3 хувь байхаар оруулах. Мөн тойрогт суудал авсан байх шалгуурыг хангах,
-Тойргийн хорооны дарга, бүрэлдэхүүн гэрчилгээтэй төрийн захиргааны ба үйлчилгээний албан тушаалтан байх,
-Сонгуульд санал өгсөн иргэн бэхэн тэмдэглэгээ заавал хийлгэх зэрэг саналыг тусгасан байна.