ДУНДГОВЬ: U18 насны Улсын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд 28 баг оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-04-03 11:10:41
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. U18 насны Улсын аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг энэ сарын 31-нээс 4 дүгээр сарын 2-ны хооронд Мандалговь хотноо зохион байгуулав.

Тэмцээнийг Дундговь аймгийн ЗДТГ, Биеийн тамир спортын газар, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо хамтран орон нутагт зохион байгуулж, Улаанбаатар хотын 3, 67, 14, 124 болон Монпон, Үй цай, Оюуны ундраа цогцолбор сургууль, Эрдэнэт, Дархан, Хэнтий, Баянхонгор, Дундговь, Өмнөговь аймгаас эрэгтэй, эмэгтэй 28 баг оролцлоо.



Тус тэмцээний алтан цомын эзнээр Эрдэнэтийн 5 дугаар сургуулийн эрэгтэй баг, Баянхонгор аймгийн эмэгтэй баг тамирчид шалгарсан бол мөнгөн медалийг Улаанбаатар хотын 14 дүгээр сургуулийн эрэгтэй баг, Оюуны Ундраа цогцолбор сургуулийн эмэгтэй баг, хүрэл медалийг Металл жуниор багийн эрэгтэй, Монпон-1 эмэгтэй багийн тамирчид хүртлээ.



2023 оны Өсвөрийн улсын аварга шалгаруулах тус тэмцээний “Шилдгийн шилдэг тоглогч”-оор Баянхонгор аймгийн тамирчин Б.Болор-эрдэнэ, Эрдэнэт хотын тамирчин Буянтогтох нар шалгарчээ.


Эмэгтэй гарааны шилдэг тоглогчоор Монпон-2 багийн тамирчин А.Анужин, Монпон-1 багийн тамирчин н.Энхжин, Оюуны ундраа цогцолбор сургуулийн тамирчин н.Мишээл, Эрэгтэй гарааны шилдэг тоглогчоор 14 дүгээр сургуулийн тамирчин Э.Ангараг, Металл жуниор багийн тамрчин А.Мөнхбат, Дундговь аймгийн тамирчин Л.Басхүү нар тодров.



Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат U18 насны Улсын аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Дундговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлд 3х3 сагсан бөмбөгийн спортыг дэмжин хөгжүүлэхээр тусгасан. Тиймээс энэхүү спортыг бүх нийтийн спорт болгон, залуу хойч үеэ энэ чиглэлээр хөгжүүлэх зорилгоор анх удаа аймагтаа энэхүү тэмцээнийг зохион байгуулж байна.

Дундговь аймаг 2022 онд улс, бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 8 төрлөөр зохион байгуулсан бөгөөд энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг U18 насны 3х3 тэмцээнээр ийнхүү эхэлж байна” гээд тус аймгийн баг тамирчид 2013 оноос хойш сагсан бөмбөгийн төрлөөр улс, бүсийн тэмцээнд амжилттай оролцож, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 8 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж, 3х3 төрлөөр Бүх ард түмний спортын наадмаас хүрэл, Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасныг онцлон баг тамирчдад болон Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны цаашдын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. 





Related news